Эрдэнэтийн ДЦС-ын ажилчид цалингаа 30 хувиар нэмэхийг шаардаж, ажил хаялт зарлахыг мэдэгдэв

Эрдэнэтийн ДЦС-ын ажилчид цалингаа 30 хувиар нэмэхийг шаардаж, ажил хаялт зарлахыг мэдэгдэв

"Эрдэнэтийн дулааны цахилгаан станц"-ын нийт ажилчид цалин хөлсөө 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Ерэн-Өлзий нарт албан бичиг илгээжээ.

Тус шаардлагад станцын инженер, техникийн болон бусад ажилтан албан хаагчид улс орны эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүргээ хүнд нөхцөлд гүйцэтгэж ирснийг онцолсон байна. Тэд эрчим хүчний салбар нь стратегийн ач холбогдолтой, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн баталгааг хангах бодлого чухал байгааг дурдсан байна. Түүнчлэн инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь ажилчдын бодит орлогыг бууруулж, амьжиргаанд хүндрэл учруулж буй тул цалинг яаралтай нэмэх шаардлагатай гэж үзжээ. 

Ажилчид шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдэн, албан бичигт гарын үсэг зуржээ.