Нийслэлийн хэмжээнд түргэн үйлчилгээний цэгүүдийг (ТҮЦ) буулгах шийдвэр гарч, өнгөрсөн хугацаанд олон байршилд албадан чөлөөлөлт хийсэн. Хотын удирдлагууд уг шийдвэрээ нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, явган хүний замыг саадгүй болгох, өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай гэж тайлбарлаж байсан билээ.
Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр гаргасан албан бичгээрээ 24 дүгээр хороонд ТҮЦ дахин байршуулах боломжтой эсэх талаар иргэдээс санал авахыг хүссэн нь анхаарал татаж байна.
Тус албан бичигт:
-
“Алтай хотхоны автобусны буудал дээр 1 ТҮЦ”
-
“Дэм эмнэлгийн байрны урд талд 1 ТҮЦ”
байршуулах боломжтой эсэхийг судалж, иргэдээс санал авч албан хариу ирүүлэхийг дурджээ. Мөн хэрэв боломжгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тайлбарлах, 2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдсөн эсэхийг тусгахыг чиглэл болгосон байна.
