Монголын түүхэнд Морин жил тохиосон он жилүүдэд төрийн эрх шилжиж, эзэнт гүрэн тэлж, нийгэм улс төрийн томоохон өөрчлөлтүүд өрнөж байжээ. Эзэн хаад мэндэлж, хот улсуудыг эзэлж, тэр ч байтугай XX зуунд ардчиллын салхи сэвэлзсэн нь түүхийн сонирхолтой давхцал гэлтэй. Морин жилийн мөчлөг бүр Монголын төр, цэрэг, соёл, нийгмийн амьдралд онцгой ул мөр үлдээсэн байна.
МОРИН ЖИЛД МЭНДЭЛСЭН ХААД, НОЁД
- 1162 оны хар морин жилд Чингис хаан (Тэмүүжин)
- 1186 оны цагаан морин жилд Өгөөдэй хаан
- 1342 оны хар морин жилд Төгс Төмөр хаан (Заяат)
- 1426 оны улаан морин жилд Мандуул хаан
- 1558 оны шар морин жилд Түмэнхэн сайн ноён
- 1582 оны хар морин жилд Гүүш хаан (Төрбайх)
- 1594 оны хөх морин жилд Түшээт хан Гомбодорж нар мэндэлжээ.
МОРИН ЖИЛД ХААН ШИРЭЭНД СУУСАН НЬ
- 1246 оны улаан морин жилд Гүюг хаан Их Монгол Улсын хаан ширээнд суусан.
- 1294 оны хөх морин жилд Өлзийт Төмөр хаан
- 1378 оны шар морин жилд Усхал хаан (Төгс Төмөр)
- 1558 оны шар морин жилд Түмэн Засагт хаан нар хаан ширээнд заларсан.
МОРИН ЖИЛД БУУЛГАН ЭЗЭЛСЭН НЬ
- 1222 оны хар морин жилд Чингис хаан Төв Азийн худалдаа, соёлын томоохон төв болох Самарканд хотыг буулган авчээ.
- 1258 оны шар морин жилд Хүлэгү хаан Аббасидын халифатын нийслэл Багдад хотыг эзлэн авсан нь Дундад Дорнодын түүхэнд эргэлтийн цэг болсон.
- 1366 оны улаан морин жилд Төмөр Мавереннахрыг бүрэн буулган авч, Төв Азид ноёрхлоо бататгасан байна.
НИЙГЭМ, СОЁЛЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
1870 оны цагаан морин жилд Их хүрээнд Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн өрнөж, үндэсний ухамсар сэргэхэд нөлөөлсөн. Энэ онд хожмын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дамдинсүрэн, Чин ван Ханддорж нар төрсөн. 1906 оны улаан морин жилд монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Дашдоржийн Нацагдорж мэндэлжээ.
1942 оны хар морин жилд Монгол Улсын Их Сургууль нээгдэж, дээд боловсролын шинэ үеийг эхлүүлсэн.
1989-1990 оны цагаан морин жилд Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгал нь цус урсгалгүйгээр улс төрийн тогтолцоог өөрчилсөн түүхэн үйл явдал болсон. Улс төрийн жагсаал, цуглаан, өлсгөлөнгийн үр дүнд коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлага бүрэн огцорч, 1992 оноос ардчилсан шинэ Үндсэн хуультай Монгол Улс байгуулагдсан юм.
Энэ мэтчилэнгээр морин жилд Монголын төр, цэрэг, соёл, нийгмийн амьдралд онцгой ул мөр үлдээсэн түүхэн үйл явдлууд өрнөдөг билээ.