Улсын хилээр орж ирэх аливаа хууль бус эд барааг илрүүлэн, эх орны амгалан тайван байдлын төлөө хүчин зүтгэж буй гаалийн эрэлч нохдын талаар бид энэ удаа сурвалжиллаа. Гаалийн эрэлч нохдыг бэлтгэхийн тулд тусгайлсан сургалтын анги танхимд сургах бөгөөд одоогийн байдлаар 8 үүлдрийн 50 гаруй ноход эрэлч нохой болохоор бэлтгэгдэж байна. Тэд хар тамхи болон бусад төрлийн бодисын үнэр орлуулалгчийн тусламжтайгаар хууль бус барааг илрүүлдэг аж.
ВИДЕО:
-ЭРЭЛЧ НОХДЫН ТАРХИ ӨДӨР БҮР ИХ ХЭМЖЭЭНИЙ АЧААЛАЛ АВЧ БАЙДАГ ТУЛ БОГИНО НАСАЛДАГ-
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх эрэлч нохой сургалтын төвд 7-8 үүлдрийн 50 орчим нохойг гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү төвд олон улсад сүүлийн жилүүдэд түгээмэл ашиглаж байгаа бельги овчарк, малинов үүлдрийн нохойнууд дийлэнх хувийг нь эзэлнэ. Мөн немц овчарк, лаборадор, швейцарь овчарк, спанил гэх мэтчилэн олон улсад албаны чиглэлээр ашигладаг нохойнуудыг сургаж, үржүүлж, гаалийн байгууллагын нохойны хангалтыг хийдэг байна. Түүнчлэн журмаараа бол нохойнуудыг найман нас хүртэл нь холбогдох байгууллагуудад ажиллуулаад малын эмч болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, гаалийн ерөнхий газрын өмч хамгаалах зөвлөлд хандаж данснаас хасуулдаг байна. Улмаар тухайн нохойг данснаас хасах зөвшөөрөл гарсны дараа байцаагч өөрөө хүсвэл түүнд өгөх бөгөөд нохойнууд дунджаар 12-15 жил амьдардаг бол албанд ажиллаж байгаа нохойнууд 8-9, дээд тал нь 10 хүрээд л нас бардаг аж.
Энэ нь эрэлч нохойнууд өдөр бүр их хэмжээний ачааллыг тархиндаа авдагтай холбоотой бөгөөд маш их мэдрэлийн ядаргаанд ордогоос нохойнуудын эрхтэн тогтолцоо нь муудаж насжилт нь богиносдог гэж үздэг байна.

Гаалийн эрэлч нохойг хайж олоход мөн маш хэцүү байдаг гэнэ. Учир нь ямар дадалтай, ямар хэв шинжтэй зэргээр маш олон үзүүлэлтээр албаны нохойг сонгож авах бөгөөд гадаад улсаас тийм төрлийн нохой худалдаж авахад үнэтэй байдаг учир зардал мөнгөө хэмнэх үүднээс ГЕГ-ын дэргэдэх нохой сургалтын төв дотооддоо үржлийн хөтөлбөр хийж, тэндээсээ гөлөгнүүдээ сонгож аваад гаалийн газрынхаа нөхөн хангалтыг хийдэг аж.
Ийнхүү бид гаалийн нохойны бэлтгэл, сургуулилт болон хэрхэн сургадаг талаар ГЕГ-ын дэргэдэх Нохой сургалтын төвийн гаалийн улсын байцаагч Н.Ганболдоос тодрууллаа. Тэрбээр, “Хүмүүсийн дунд гаалийн нохойг сургахдаа хар тамхи тарьдаг гэсэн буруу ойлголт байдаг. Бид сургалтын тусгай аргачлалуудаа ашиглаад, өдөр тутмын сургалтаараа нохойнд ийм үнэрүүдийг цээжлүүлж байгаа юм. Байнга үнэртсээр байгаа нохой энэ найман үнэрийг хаана ч үнэртсэн мартахааргүй болоод дадал суулгачихдаг. Энэ бол ОХУ-д үйлдвэрлэсэн хар тамхины үнэр орлуулагч бүтээгдэхүүнүүд. Ямар ч мансууруулах үйлчилгээ байхгүй. Нохойн сургалтанд зориулагдсан, тухайн бодистойгоо адилхан үнэр гаргадаг. Ийм бодисуудыг ашиглах нь нохойныхоо эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлаа бодсоны үндсэн дээр энэ төрлийн бодисуудыг ашиглаж байгаа" гэлээ.

-САНГВЕНИК ХЭВ ШИНЖТЭЙ НОХОЙГ ЭРЭЛЧ НОХОЙ БОЛГОХОД СУРГАНА-
Мөн нохойг хэв шинжээр нь дөрөв ангилна. Сангвиник, плегматик, холерик гэх мэтээр. Гаалиуд сангвеник төрлийн нохойнуудыг ихэвчлэн ашиглаж байгаа. Нохойны үүлдрээс илүү хувь нохойноос бүх зүйл шалтгаалдаг бөгөөд эхний ээлжинд тухайн нохойгоо зөв тодорхойлж оношлоод, ийм сэтгэлзүйтэй нохой юм байна, ийм арга ашиглавал хурдан цээжилж байна гэдгийг сургагч нар сургалтын явцад олж мэдээд, түүндээ тулгуурласан сургалтын аргуудаа ашигладаг аж.
Түүнчлэн нохой сургалтын хамгийн богино нь 45 хоногийн хугацаатай. Олон төрлийн үнэр цээжлүүлчихвэл тухайн нохойны ашигт үйлийн коэффицэнт багасах магадлалтай байдаг бөгөөд гадаадад нэг нохойгоор нэг төрлийн бодис л дагнуулж хайлгадаг бол Монголд нэг нохой олон төрлийн бодисыг сургалтын аргачлалаар цээжлүүлж, хайлт хийлгэдэг байна.

Бид үргэлжлүүлэн дөврөн улирлын турш 24 цагаар албаны нохойн сургалтыг зохион байгуулах боломжтой заалтай танилцлаа. Энд нохой сургахад ашиглах боломжтой бүхий л техник, эд зүйлс, үнэр орлуулагч бодисууд байх аж. Ингээд хайрцган дотор үнэр орлуулагч бодисоо нууж, тухайн бодисыг үнэртсэн эрэлч нохой ямар хариу үйлдэл үзүүлж илрүүлэх талаар туршилтыг хийхэд бүх нохой нуусан эд зүйлсийг маш амжилттай илрүүлж байлаа.
-ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН ҮСЭРХЭГ НОХДЫГ ХОЙД ХИЛ ДЭЭР ТАЧИРХАН ҮСТЭЙ НОХДЫГ УРД ХИЛ ДЭЭР АЖИЛЛУУЛДАГ-
Ийнхүү бэлтгэгдсэн нохдын хуваарилалтыг очиж байгаа газар орных нь цаг уурын нөхцөл байдалтай уялдуулахыг хичээдэг байна. Тухайлбал, хэт их үсэрхэг, том биетэй нохойнууд халуун уур амьсгалатй урд талын боомтуудад очиход тохиромжгүй байдаг бөгөөд тэнд очихоороо температураа зохицуулахын тулд амаа ангайж амьсгалаад юм үнэрлэж чадахаа больчихдог аж. Учир нь нохой хамраараа агаар сорж байж үнэр боловсруулдаг бол амаараа сорсон агаар нь шууд уушги руу ордог учраас ямар ч үр дүн гардаггүй гэнэ.
Харин арай тачир үстэй малинов, немц овчарк, лаборадор үүлдрийн нохойнуудыг урд хил дээр түлхүү ажиллуулдаг бол хойд хил дээр үс ихтэй нохойнуудаа ажиллуулдаг байна.

Түүнчлэн Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх нохой сургалтын төв гаалийн шинэчлэлийн хүрээнд Сэлэнгэ, Замын-Үүд гээд томоохон боомтууд дээр салбар сургалтын төвүүдээ байгуулж байгаа бөгөөд тус төвүүдээрээ дамжуулж тухайн бүс нутагтаа үржлийн хөтөлбөрийг зохион байгуулж, гарсан нохой нь тус бүс нутагтаа ажиллахаар болж байгаа гэнэ.
-ЭРЭЛЧ НОХОД ХАР ТАМХИНЫ ТӨРЛИЙН БОДИС БОЛОН БУСАД ХИЛЭЭР ОРЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОСОН БОДИСЫГ ИЛРҮҮЛЭХЭЭР "ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД 24 ЦАГААР АЖИЛЛАДАГ-
Үргэлжлүүлэн бид “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр эрэлч ноход хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа талаар сурвалжиллаа. “Чингис хаан” гаалийн газрынхаа эрэлч нохойнууд ирж байгаа ачааны чиглэлд үзлэг шалгалт хийлгэдэг. Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, улсын хилээр орохыг хориглосон бүтээгдэхүүн эрж хайхаас гадна Монгол Улсын хилээр орж ирэх өөр бусад бүтээгдэхүүнийг эрж хайх зорилгоор албаны эрэлч нохой 24 цагаар тасралтгүй гаалийн хяналт шалгалт явуулж байна.

Эрэлч нохой хэрхэн ажиллаж байгааг харахад зарим хайрцаг, чемоданыг үнэрлэнэ, заримыг нь үнэрлэхгүй явчихна. Учир нь өөрийн олох гэж байгаа зорилтот үнэртэй хайрцагнуудыг л үнэрлэх бөгөөд эзэн нь өөрөө нохойгоо маш сайн анзаарч байх ёстой аж. Илрүүлсэн бүтээгдэхүүнээ ямар нэгэн байдлаар дохио өгч мэдэгддэг. Тэрийг нохойны эзэн өөрөө энэ бол хайж байгаа бүтээгдэхүүн, эсвэл түүнтэй төстэй үнэртэй бүтээгдэхүүн байна гэдгийг мэдээд таних тэмдэг тавиад дараагийн шалгалтын үйл ажиллагаандаа оролцуулаад явдаг байна. Ийнхүү Монгол Улсын аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа эрэлч нохдын нэг өдөр өнгөрнө.

М.Дэлэг