Саяхан Дарханы төмөрлөгийн үйлдвэр (ДТҮ)-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд биечлэн очиж танилцлаа. Энэ үеэр тус үйлдвэр 246.6 тэрбум төгрөгийн татвар төлж, 220 сая ам.долларын борлуулалт хийн, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэх "гялалзсан" тоонуудыг олон нийтэд бахархалтайгаар зарлав. Гаднаас нь харвал төрийн өмчит үйлдвэр ашиг орлогоо нэмэгдүүлж буй мэт боловч, энэ нь бодит байдал дээр хувийн хэвшлийн тарьсан ургацыг төр "хурааж" аваад өөрийн мэтээр сурталчилж буй хэрэг юм.
Угтаа бол шинэ амжилт биш, аль хэдийн хүрсэн байсан үзүүлэлтийг муутгаж явж байгаад дөрвөн жилийн дараа давтан харуулж буй хэлбэр төдий юм.
ВИДЕО:
ДЭЭРМИЙН ОЛЗОД ТАЛАРХАХУЙ ДОР
— Шижир Энхбаяр (@shijirse) February 13, 2026
Өнөөдрийн дүр зураг сонирхолтой.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр Ерөнхий сайд очиж, 246.6 тэрбум төгрөгийн татвар, 220 сая ам.долларын борлуулалт, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гэх мэт “амжилтын” тоонуудыг бахархалтайгаар зарлаж байна.… pic.twitter.com/ZVHKIZ9I0y
630 тэрбумын хөрөнгө оруулалт ба "Тэг" төгрөгийн зардалтай амжилт
Өнөөдрийн энэ өндөр үзүүлэлтүүд бол тэнгэрээс унаад ирсэн эсвэл төрийн менежментийн үр дүнд бий болсон зүйл биш. Ийм үр дүн гаргахын тулд эхлээд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Харин 2010 оноос хойш “Кью Эс Си” ХХК нь хууль ёсны гэрээний дагуу “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 630 гаруй тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлсэн.
Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр олборлолт явуулах чадамжгүй байсан орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулсан, орчин үеийн хуурай болон нойтон аргын баяжуулах үйлдвэр байгуулан ашиглалтад оруулсан, үйл ажиллагаа явуулахад нэн шаардлагатай дэд бүтэц, цахилгаан хангамж болон төмөр замын цогцолбор ашиглалтад оруулж асуудлыг шийдвэрлэсэн.
Эдгээр хөрөнгө оруулалттай төслүүдгүйгээр өнөөдрийн үр дүн гарах боломжгүй юм. Эдгээр хувийн хэвшлийн бий болгосон хөрөнгийг төр одоо ашиглаад л явж байгаа.
Эдийн засгийн хэллэгээр үүнийг “Asset appropriation with zero capital injection” буюу төр нэг ч төгрөгийн эрсдэл гаргалгүйгээр, бусдын бэлэн болгосон үнэ цэнтэй хөрөнгийг шууд өөртөө авсан үйлдэл гэж тодорхойлно.
Алдагдсан боломжийн өртөг буюу бид юуг орхигдуулав?
Төр "амжилт" гэж тодорхойлж байгаа ч бодит байдал дээр Монгол Улс асар их цаг хугацаа, хөгжлийн боломжоо алдаад байна. Хэрэв Концессын гэрээ хэвийн үргэлжилсэн бол:
- Өнөөдөр жилийн 350 мянган тонн хүчин чадалтай Шинэ гангийн үйлдвэр ашиглалтад орж, бид зөвхөн хүдэр биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж байхаар байлаа.
- Жил бүр гаднаас авдаг 250 орчим сая долларын арматур, ган хийцийг дотоодоосоо хангаж, валютын гарах урсгалыг зогсоосон байх байлаа.
- Шинээр 1900 орчим шинэ ажлын байр бий болж ажилтай орлоготой иргэдийн тоо төдий чинээгээр нэмэгдэж амьдрал нь сайжрах байлаа.
Гэтэл төр бэлэн суурийг нь булааж авснаар энэ бүх бүтээн байгуулалт зогсож, бид ердөө л баяжмал экспортлогч хэвээр үлдсэнийг л харуулж байна.
Үүнээс том аюул буюу Хөрөнгө оруулагчдад өгч буй "Аюулын дохио"
Хамгийн аюултай хэсэг нь концессын гэрээг нэг талын шийдвэрээр цуцалсан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд маш аюултай жишиг харуулсан явдал. Хүний жам ёсны эрхийн нэгт тооцогддог "Property rights" буюу өмчлөх эрхэд бүдүүлэг халдсан үйлдэл болж харагдана.
“Хөрөнгө оруул. Барь. Ашигтай болго. Дараа нь бид авна” гэдэг дохиог төр зарлаж, үр дүнг нь бахархалтайгаар зарлаж яваа нь хөрөнгө оруулагч нарт аюулын харангын дохио юм.
Ийм дүрэмгүй тоглоомтой улсад маргааш аль ч эрүүл ухаантай хөрөнгө оруулагч урт хугацааны, том хэмжээний төсөл эхлүүлэхгүй. Өнөөдрийн 72 тэрбумын ашиг бол маргаашийн Монгол Улсад орж ирэх тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалтыг үргээсэн "төлөөстэй" ашиг юм.
Дүгнээд хэлэхэд, дөрвөн жилийн хугацаанд юу ч сайжирсангүй. Бидний өмнө хүрчихсэн байсан үзүүлэлтүүдийг төр дөрвөн жилийн дараа "шинэ амжилт" мэтээр танилцуулж байгаа нь харамсалтай. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2021 оны үзүүлэлтүүдтэй жишээд үзнэ биз ээ. Тэгэхээр энэ бүхэн чинь амжилт биш ямар ч урагшгүй зогсож үлдсэн хайран дөрвөн жилийн хугацаа л харагдаж байна даа.
Э.Шижир (Кью Эс Сс ХХК-ийн Гүйцэтгэх захирал)