АНУ-аас Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог баривчилсны дараа газрын тосны хориг арга хэмжээ авч, Венесуэл Улсаас Куба руу нийлүүлэх газрын тосны нийлүүлэлтийг зогсоосон. Ийнхүү нефть тасалдсаны улмаас Куба улсад нөхцөл байдал хүндэрч, Канадын үндэсний агаарын тээвэрлэгч тэргүүтэй олон улсын нислэгүүд тус улс руу чиглэсэн нислэгээ зогсоож, шатахуунд олон цагаар оочирлох, цахилгаан тасрах зэрэг асуудал үүсэж байна хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Кубад өдрөөс өдөрт нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан зарим улсууд тус улсаас иргэдээ буцаан татаж байгаа бол зарим нь гарах гарцгүй болж байна хэмээн цахим сүлжээндээ мэдээлж байгаа.
Тэгвэл Кубад манай улсаас одоогийн байдлаар нийт 16 иргэн амьдарч, сурч байгаагийн 13 нь оюутан, 3 нь элчин сайдын яамны ажилтан байна. Иймд бид тус улсын “Галиксто Гарсиа” их сургуульд хүний их эмч мэргэжлээр сурч буй монгол оюутан болох Т.Энххүслэнтэй холбогдож нөхцөл байдлын талаар тодруулж ярилцлаа.
ВИДЕО:
-ЦАХИЛГААН, ШАТАХУУН ТАСАЛДСАНЫ УЛМААС СУРГУУЛИУД ЗАВСАРЛАГА АВЧ, НИЙТИЙН ТЭЭВЭР ЦӨӨН ТООГООР ЯВЖ БАЙГАА-
-Куба Улсад очоод хэдэн жил болж байгаа вэ. Ямар сургуульд, юуны чиглэлээр сурдаг талаар хоёулаа яриагаа эхэлье?
-Куба Улсад хүний их эмч мэргэжлээр долоо дахь жилдээ суралцаж байгаа оюутан байна.
-Куба Улсад олон цагаар цахилгаан, шатахуун тасарч, нөхцөл байдаг хүндэрч байгаа зэргээр олон улсын хэвлэлүүд янз бүрээр л мэдээлж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Ер нь одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Цахилгаан тасрах асуудал бол сүүлийн хоёр жил үргэлжилж байсан асуудал. Бүх хотоо шугамд хувааж, хуваарь гаргаад түүнийхээ дагуу цахилгаанаа тасалдаг. Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод цахилгаан тасрах хугацаа уртсах асуудал гарч байгаа. Энэ бол үнэн бодитой мэдээлэл. Мөн Куба Улс маань Венесуэл улсаас шатахууныхаа бараг 60-аад хувийг авдаг байсан. Тэр урсгал хоригдчихоод шатахууны хомсдол маш их байна. Даваа, лхагва, баасан гэдэг ч юм уу хуваарь гаргаад оочирлож шатахуунаа авдаг. Ер нь шатахууны хомсдолд ороод энгийн иргэн шатахуун авахад хүндрэлтэй болчихсон.
-Шатахуун, цахилгааны тасалдлын улмаас үүсэж байгаа хүндрэлүүд юу байна вэ?
-Шатахууны тасалдлын улмаас ихэнх сургуулиуд 28-30 хоногийн завсарлага авсан, хагас онлайн байдлаар хичээл нь орж байгаа. Учир нь орон нутаг болон хот доторх зам тээвэр зогсонги байдалд орсон. Шатахуун байхгүйн улмаас нийтийн тээврүүд маш цөөхөн чиглэлд цөөн тоогоор явж байна л даа.

-ТОГ ТАСАЛДСАНЫ УЛМААС УТАСНЫ СҮЛЖЭЭ УНАЖ, ЗАРИМДАА ХИЧЭЭЛ Ч ХИЙХ АРГАГҮЙ БОЛДОГ-
-Танай сургууль хэрхэн хичээллэж байна?
-Би төгсөх курсийн оюутан учраас хичээл нэг их орохгүйгээр байнга эмнэлэг дээр ажиллаж байгаа. Өглөө 8-аас 12:00 цагийн хооронд эмнэлгийнхээ тасгийн өвчтөнгүүдийг үзээд, дадлага хийж байгаа учраас миний хувьд асуудал бага гэж ойлгож болно. Доод курсийн болон бусад мэргэжлийн хичээлүүд нь хаагдчихсан байгаа.
-Эмнэлэг рүүгээ явахад асуудал тулгарч байна уу?
-Мэдээж нийтийн тээврийн асуудал бий. Миний хувьд байнга нэг эмнэлэг дээрээ дадлага хийдэггүй, өөр эмнэлэг рүү явах шаардлага ч гардаг. Гэтэл шатахуунгүйн улмаас унаа олдохгүй байх асуудал үүсэж байна. Бас тог тасалдсаны улмаас сүлжээ унаж, хичээл хийх гарцгүй болдог.
-Одоо Кубад үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг юунаас үүдэж байгаа гэж харж байгаа вэ?
-Куба Улс нь социалист орон, АНУ-ын блоконд байдаг учраас одоо үүсээд байгаа нөхцөл байдал мэдээж АНУ-тай шууд хамааралтай байх гэж бодож байна. Гадаад оюутан болон Куба оюутан хоорондын ялгаа маш их байдаг. Бид нарын хувьд арай илүү боломжтой гэж ойлгож болно. Энэ байдал удаан үргэлжилбэл хамгийн их хохирох хүмүүс нь мэдээж Куба иргэд. Хэрвээ нөхцөл байдал бүр хүндэрвэл бид чинь буцаад явах эх оронтой хүмүүс. Гэтэл Куба иргэд энэ байдалтайгаа нүүр тулаад, хүлээн зөвшөөрөөд явахаас өөр аргагүй. Тэгэхээр энэ улсын залуу боловсон хүчинд хамгийн их нөлөө үзүүлж байгаа байх.

-КУБАД 16 МОНГОЛ ИРГЭН АМЬДАРДГИЙН 13 НЬ ОЮУТАН-
-Кубад Монгол Улсаас хэчнээн хүн амьдарч, сурдаг юм бэ. Ихэнх нь ямар зорилгоор Кубад очсон байдаг юм бол. Бас бусад монголчуудтайгаа холбоо барьж байгаа юу?
- Одоогийн байдлаар хүний их эмч, инженер, эдийн засагч, компьютерийн шинжлэх ухаан, багш гэсэн таван мэргэжлээр нийт 13 монгол оюутан суралцаж байгаа. Үүнээс гадна Элчин сайдын яаманд гурван монгол ажилтан гээд нийт 16 монгол иргэн Кубад амьдарч, сурч байна.
-Кубад амьдарч байгаа монголчуудад ямар хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа бол, энэ асуудалтай холбогдуулан Элчин сайдын яамандаа та бүхэн хандаж байгаа юу?
-Бид цөөхүүлээ учраас Элчин сайдын яам болон хоорондоо бүгд холбоотой байдаг. Бүгд биенээ таньдаг. Тэгэхээр ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд нэгэндээ хэлнэ, элчин сайдын яамандаа мэдэгдэж, байнгын харилцаатай байдаг.
-Нефтийн хомсдлын улмаас олон улсын нислэгүүд зарим нь зогсож байгаа гэж сонссон?
-Хаагдсан гэдэг нислэгүүд нь Канад зэрэг шууд нислэгтэй улсууд нислэгээ хааж байгаа, нислэг ирэхгүй байгаа гэсэн сураг сонссон. Гэхдээ баттай мэдээлэл байхгүй байна.
-Монгол руу буцахаар бол яаж буцах вэ. Зам нь нээлттэй байгаа юу?
-Монгол руу буцахад Кубаас Турк, тэндээсээ Монгол гэсэн нэг л маршрутаар явдаг. Энэ замаараа л буцаж таарах байх. Пүрэв болон Бямба гарагт Турк руу тогтсон хоёр нислэг хийдэг. Тэр нислэг үргэлжилж байгаа юм байгаа. Бүр Туркиш эйрлайнсаас “ямарч асуудалгүй нислэг үйлдэгдэж байгаа” гэсэн мэдэгдэл гаргасан байна лээ.

-КУБАД ҮҮСЭЭД БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДАЛ УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ СУРГАЛТ, ХИЧЭЭЛ, ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТ МАШ ИХ АСУУДАЛ ҮҮСНЭ-
-Өөрөө хамгийн сүүд хэзээ Монголд ирсэн бэ. Тэр үед нөхцөл байдал хэвийн байсан уу?
-Хамгийн сүүлд 2025 оны долдугаар сард Монголд очсон тэр үед Куба талаасаа бол нөхцөл байдал хэвийн байсан. Одоо ирэх долдугаар сард төгсөх учраас тэр үеэрээ л буцах байх.
-Гэр бүлийнхэн нь бас энэ нөхцөл байдалтай холбоотойгоор санаа нь зовж байгаа байх?
-Гэрийнхэнтэйгээ тогтмол холбоо барьж байгаа. Венесуэлийн асуудлаас хойш энд бол асуудал хүндэрч байгаа учраас гэрийнхэн нэлээд санаа нь зовж байгаа. Гэхдээ бас юу юугүй буцаад хүрээд ир ч юм уу тийм зүйл яриагүй. Байдлыг харж байя гэсэн л зүйлийг хэлсэн.

-Энэ нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл байдал хэр хурцдахаар байна вэ?
-Энэ чигээрээ удаан үргэлжилбэл сургалт, хичээл, зам тээврийн салбарт маш их асуудал үүсэх байх гэж харж байгаа.
-Куба Улсын Засгийн газраас энэ асуудалтай холбогдуулан ард түмэндээ юу гэж хэлж байгаа бол, цаашдаа ямар арга хэмжээ авахаар байна вэ?
-Долоо хоногийн өмнө Кубын ерөнхийлөгч олон нийтдээ илтгэл тавьж, “Куба Улс тайван байгаа, дайны нөхцөл байдал үүсээгүй, өөр улсуудаас тусламж эрэлхийлж, гарц хайж байна” гэсэн тайлбарыг өгсөн.
-Ярилцлагынхаа төгсгөлд гадаад харилцааны яамандаа уламжилж хэлэх үг байгаа болов уу?
-Энэ улсад л тохиолдож байгаа асуудал болохоор, энэ улсын хүмүүс л энэ асуудлыг шийдэх учраас ГХЯ-нд хандаж хэлэх үг байхгүй.