Цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр, түүнд оруулах хөрөнгө оруулалт, төрийн бодлого ямар чухал болохыг хэдхэн хоногийн өмнө монголчууд нийтээрээ ойлгосон. Энэ ч утгаараа Ерөнхий сайд Г.Занданшатар Дулааны цахилгаан станц-4 ТӨХК болон “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талбайд ажиллаж, эрчим салбарт анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл эрчим хүчний салбар хэрхэн энд хүрсэн, өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг бид энэ удаад хөндөж байна.
ВИДЕО:
Монгол Улсын эрчим хүчний салбар 104 жилийн түүхтэй. Бид тог цахилгаантай болоод 104 жил болж байна. Энэ хугацаанд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1264 МВт-ын эрчим хүчний чадалтай эх үүсвэрийг барьж байгуулж чадсан байна. Тэгвэл өнөөгийн төвийн бүсийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1502 МВт байхад бидний хэрэглээ 1803 буюу 300 МВт-аар илүү байна. Өвлийн оргил ачааллын үед дутагдсан эрчим хүчийг ОХУ-аас худалдаж авч, аргацаадаг. Иим л нөхцөлд Дулааны цахилгаан станцууд нөөц тоноглолгүй бүхий л хүчин чадлаараа ажиллаж байна.
104 жилийн түүхтэй эрчим хүчний салбар доголдлоос гарч, хойд хормоогоорой урд хормойгоо нөхдөг айл шиг өдийг хүрсний нэг шалтгаан олон жилийн туршид эрчим хүчний үнийг төрөөс хүчээр барьж, зах зээлийн зарчмаар явуулаагүйгээс болсноос гадна геополитикийн нөхцөл байдал, төрийн бодлогоор энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй зэрэг олон асуудал бий. Мэдээж энэ салбарын эхний шийдэх асуудал бол цахилгаан дулааны үнэ нэмэх байсан. Энэ нь ард иргэдийн халаас руу орж байгаа галтай шийдвэр учраас үе үеийн эрх баригчид улстөрчид энэ сэдвээс халгаж ирсэн нь нууц биш. Гэхдээ цаашдаа ийм байдлаараа явж болохгүй учраас 2024 оны 12 сараас эхлэн цахилгааны үнийг нь өртөгт нь хүргэж буюу 30 хувиар нэмсэн.
Эрчим хүчний реформын Үндэсний хороо байгуулагдаж, Цахилгаан, дулааны үнийг өртөгт нь хүргэж нэмэх шийдвэр 2024 онд УИХ, Засгийг газраас гарсан ч одоогоор зөвхөн цахилгааны үнийг нэмж, дулааны үнийг нэмээгүй байна. 2025 онд цахилгааны үнийг нэмснээр энэ салбарын санхүүгийн байдал яаж өөрчлөгдөв гэдгийг харцгаая. 2025 онд цахилгааны үнийн нэмэгдлийн зөрүүнээс 540 тэрбум төгрөгийн орлого орж иржээ.
Үүнээс:
- ОХУ-аас худалдаж авдаг эрчим хүчний үнийн зөрүүнд-108 тэрбум₮ /өрөнд/
- Нүүрсний уурхай, төмөр замын тээврийн алдагдалд-102 тэрбум₮
- Эрчим хүчний салбарын ажилчдын цалинд -229 тэрбум₮
- Станцуудын засвар шинэчлэл, зээлийн төлбөрт-77 тэрбум₮
- Баруун бүсийн эрчим хүчний татаасанд -28 тэрбум₮-/ төсвөөс татаасгүй болсон/
Өнөөдөр Монгол Услын эдийн засаг хүндхэн, ард иргэдийн халаас нимгэн байгаа ч бодит нөхцөлд эрчим хүчний үнийг багаар индексжүүлж нэмэх шаардлага бий юм байна. Гэхдээ ард иргэдийнхээ амьдралын төвшнийг бодож үүний эсрэг өөр ямар нэгэн арга хэмжээ авч бодлого боловсруулах нь Засгийн газрын үүрэг.
2022 оноос хойш буюу сүүлийн дөрвөн жил Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн ажиллаж байна. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн томилогдсон. Энэ цагаас хойш эрчим салбарт ямар бүтээн байгуулалт, шинэчлэл хийв гэдгийг эрж хайлаа.
Тоон мэдээлийг харъя. Монгол Улсын эрчим хүчний салбарын 104 жилийн хугацаанд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1264 МВт-ын эрчим хүчний чадалтай эх үүсвэрийг бий болгосон. Тэгвэл 2022 оноос хойш буюу өнгөрсөн 4 жилийн дотор энэ хүчин чадлыг 560 Мвт-аар буюу 40 гаруй хувиар нэмсэн байна. Эрчим хүчний салбарт 2022-2026 онд хэрэгжсэн эх үүсвэрүүдийн төсөл, арга хэмжээнүүд
Уламжлалт эх үүсвэр:
- Чойбалсан ДЦС 50 МВт 2024 он Дорнод, Хэрлэн /улсын хө.о/
- Бөөрөлжүүтийн ЦС 300 МВт 2025 он Төв аймаг, Баянжаргалан /хувийн хө.о/
- Тосонцэнгэлийн ДЦС 18 МВт 2025 он Завхан, Тосонцэнгэл /хувийн хө.о/
Сэргээгдэх эрчим хүч:
- Сэрвэн нарны ЦС 10 МВт 2023 он Говь-Алтай, Есөнбулаг /улсын хө.о/
- Мөрөн нарны ЦС 10 МВт 2024 он Хөвсгөл, Мөрөн /улсын хө.о/
- Эрдэнэ нарны ЦС 30 МВт 2024 он Дорноговь, Эрдэнэ сум /хувийн хө.о/
Батарей хуримтлуур:
- Сонгино батарей хуримтлуур 80 МВт 2024 он УБ, Сонгинохайрхан /улсын хө.о/
- Багануурын батарей хуримтлуур 50 МВт 2024 он УБ, Багануур /улсын хө.о/
- Том нар батарей хуримтлуур 10 МВт 2025 он Говь-Алтай, Есөнбулаг /хувийн хө.о/
Дулааны станц:
- Бэрх дулааны станц 21 МВт 2023 он Хэнтий, Бэрх /улсын хө.о/
- Амгалан дулааны станцын өргөтгөл 116 МВт 2024 он УБ, Баянзүрх /улсын хө.о/
- Мөрөнгийн дулааны станцын өргөтгөл 21 МВт 2026 он Хөвсгөл, Мөрөн /улсын хө.о/ Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд насжилт өндөртэй шугам хоолой шинэчлэх, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг өргөтгөх, даралт өргөх насос станцуудыг шинэчлэх ажил хийгдээд байна. Төслийн явц 91 хувьтай байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн явц 82,2 хувьтай байна. Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу бий болох орон сууцны хороолол, барилга байгууламжууд, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг тоолуурыг суурилуулж байна.
Тоогоор нь авч үзвэл, 2022 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 20-аад төсөл, шинэ эх үүсвэр ашиглалтад орж төвийн бүсийн эрчим хүчний хүчин чадал л гэхэд 560 МВт-аар нэмэгджээ. Гэтэл яагаад бодит байдал сайжрахгүй тог цахилгааны дутагдалд орсон хэвээр байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил ачааллын үед 12 хувиар нэмэгдэж байгаа нь үүнд шууд нөлөөлж байгаа бөгөөд хурдтай өсөж байгаа энэ хэрэглээг шинэ эх үүсвэрүүд нь гүйцэхгүй байна гэсэн үг юм. Хэрэглээгээ гүйцэхийн тулд том төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах шаардлага үүсэж байна.
Цаашид Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын 266.4 сая ам.долларын төслийг 2030 он гэхэд ашиглалтад оруулна. Барилга усгралтын ажил 18 хувьтай байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун 5 аймгийн эрчим хүчний хэрэглээг хангаж, ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчинд жил бүр төлдөг 17.5 тэрбум төгрөгийг хэмнэх аж.
- Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын төсөл.
Энэ нь тус станцын 2-р үе шат юм. Бөөрөлжүүтийн 3, 4 дүгээр 150 МВт-ын барилга угсралтын газар шорооны ажил эхэлсэн бөгөөд 2027-2028 онд үе шаттай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
- Дулааны Тавдугаар Цахилгаан Станцын төсөл. /658.5 сая ам.доллар/
Олон жил яригдаж буй энэ төслийг 2028 онд ашиглалтад оруулна. Төслийн гүйцэтгэгч 2025 оны 5-р сард шалгарсан. Төсөл хэрэгжсэнээр УБ хотын баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангана.
- Тосонцэнгэлийн 30 МВт-ын дулааны цахилгаан станцын төсөл.
Хоёрдугаар үе шатны 8 МВт-ыг 2030 онд ашиглалтад оруулахаар төслийн хөрөнгө оруулагч компани ажиллаж байна.
- УБ хот орчмын цахилгаан хангамжийг сайжруулах, шинэчлэх төсөл
Багахангай-Баянцогт, Багахангай-Ургах наран чиглэлийн хэт өндөр хүчдэлийн 500 кВ-ын 3 дэд станц, 220 кВ-ын 8 дэд станц, 110 кВ-ын 22 дэд станцыг тус тус шинээр барина. 2026-2030 онд хэрэгжүүлнэ
- 10 аймгийн төвд дулааны станц барих төсөл. /148.7 сая ам.доллар/
БНСУ-ын Экзим банкны зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэл 45 хувьтай байна. Гүйцэтгэлийн явцад асуудал гарсан. Гэсэн ч асуудлыг шийдвэрлэж 2028 он гэхэд уг төслийг дуусгахаар төлөвлөжээ
- Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлийн 220 кВ-ын 69 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл /108 тэрбум төгрөг/ 2028 онд ашиглалтад оруулна. •Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төсөл. /78 сая ам.доллар/ / 2028 онд ашиглалтад оруулна.
- Ховд аймгийн 19.8 МВт-ын нарны цахилгаан станц, / Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Төслийн тендерийг 2025.05.13-ны өдөр зарлан, тендерийн үнэлгээний ажил хийгдсэн байна. Төслийг 2026-2027 онуудад хэрэгжүүлнэ.
- Даланзадгадын 50 МВт-ын дулааны цахилгаан станц барих төсөл.Өмнөговь аймаг үнэт цаас гарган хэрэгжүүлэх бөгөөд 2028 онд ашиглалтад оруулна.
- Сүхбаатарын 70 МВт-ын дулааны цахилгаан станц барих төсөл. Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай. 2026 оны 5 сард бүрэн ашиглалтад оруулна.
- Баянгийн 660 МВт-ын дулааны цахилгаан станц барих төсөл. Төв аймгийн Баян суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 24 хувьтай. Төслийг 2027-2028 онд үе шаттай ашиглалтад оруулна.
- Тавантолгойн 300+150 МВт-ын ДЦС барих төсөл. Олон жил яригдаж буй уг төслийг хэрэгжүүлэхэд хууль эрхзүйн зохицуулалт шаардлагатай болсон бөгөөд ЗГ-аас холбогдох хуулийн төслийг энэ оны 6-р сард өргөн барьсан. УИХ хараахан хэлэлцээгүй байна. Төслийг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
- Шивээ-Овоогийн 660 МВт-ын ЦС-ын төсөл. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 660 МВт-ын цахилгаан станц барина. Уг төслийг 2029-2030 онд хэрэгжүүлнэ..
- Сэлэнгийн 70 МВт-ийн ДЦС-ын төсөл -2026 оны 2-р улиралд ашиглалтад оруулна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл. 2026 онд хэрэгжиж дуусна. Ажлын явц 81 хувьтай байна. Төслийг ХБНГУ-ын KFW банктай хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хариуцан ажилладаг 32 дэд станцыг тоноглолыг шинэчилж байна.
- УБ хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэлийн төсөл. 2025 онд эхэлсэн бөгөөд 2028 онд дуусна. 1,1 сая ам долларын өртөгтэй бөгөөд олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
- Чойр -Сайншанд чиглэлийн 220 кВ-ын 220 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станц өргөтгөх төсөл. Ажил 2023 онд эхэлсэн. 2027 онд дуусна.
- Багануур -Чойр чиглэлийн 220 кВ-ын 180 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц өргөтгөх төсөл. 2026-2028 онд хэрэгжүүлнэ.
- Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станц өргөтгөх төсөл. 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлсэнээр Эрдэнэт-Булганы ЦДАШ-аас эрчим хүчээ авдаг иргэд аж ахуй нэгжийг өвлийн оргил ачааллын үед эрчим хүчээр хязгаарлах, хүчдэлийн уналт үүсэх асуудлыг шийдвэрлэнэ.
- 2026-2028 онд 10 гаруй аймагт тархмал нар, салхины сэргээдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүлэхээр Эрчим хүчний яам төлөвлөн ажиллаж байна.
Эдгээр төслүүдийг 2026-2030 онд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж чадах юм бол дулаанаар 1,195 Гкал, цахилгаанаар 2823 МВт-ын хүчин чадал нэмэгдэх юм байна. Товчоор хэлбэл 2027 он гэхэд өнөөгийн үүсээд байгаа эрчим хүчний салбарын доголдол арилж, тог цахилгааны тасалдалгүй болох нь.