"Эс жи групп" алтны уурхайдаа цахилгаан татахын тулд Д.Бямбасүрэн нарт авлига өгч, зөвшөөрөл нь гарахаас өмнө ажлаа дуусгасан байжээ

"Эс жи групп" алтны уурхайдаа цахилгаан татахын тулд Д.Бямбасүрэн нарт авлига өгч, зөвшөөрөл нь гарахаас өмнө ажлаа дуусгасан байжээ

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн хэрэгт холбоотой байж болзошгүй албан тушаалтнуудын ажил, гэрт АТГ-аас нэгжлэг хийж, их хэмжээний валют, эд зүйлс хураан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн хэрэгт холбоотой байж болзошгүй гэх хэрэгт Эрчим хүчний үндэсний төвийн захирал Д.Бямбасүрэн, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа аж. 

"ЭС ЖИ ГРУПП" НЬ АЛТНЫ УУРХАЙ РУУГАА ЦАХИЛГААН ТАТАХЫН ТУЛД ДЭД СТАНЦЫНХАА ХҮЧИН ЧАДЛЫГ БУУРУУЛСАН БАЙЖЭЭ

Тодруулбал,  нэг хэсэг "Алтай таванбогд"-ыг ухах гэж байна хэмээн шүүмжлэлд өртөж байсан "Эс жи групп" ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд "Цагаан овоот уул" нэртэй алтны ордыг эзэмшдэг байна. Тус компани нь уг алтны уурхай руу цахилгаан эрчим хүч холбохын тулд 35 кВ цахилгааны шугам, 2500 кВа хүчин чадал бүхий дэд станцын техникийн нөхцөлийг өөрчлүүлж, дээрх нэр бүхий хүмүүст хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

"Эс жи групп" ХХК нь 2019 онд Эрчим хүчний яамнаас 35 кВ цахилгааны шугам, 2500 кВА хүчин чадал бүхий дэд станцын техникийн нөхцөлийг анх авчээ. Засгийн газрын 97-р тогтоолоор батлагдсан Цахилгаан эрчим хүчний дүрэмд техникийн нөхцөлийг хийгдэх барилга угсралтын хэмжээнээс хамаарч 2 жил хүртэл хугацаагаар олгож, нэг удаа нэг жилээр сунгах боломжтой байдаг байна. "Эс жи групп" ХХК нь 2022 онд тус техникийн нөхцөлийг дахин сунгуулж, уг техникийн нөхцөлийн шаардлагын дагуу Баян-Өлгий дэд станц-Улаан хус сумын дэд станц сум хоорондын цахилгаан шугамд болон бусад цахилгаан тоног төхөөрөмжид өргөтгөлийн ажиллагаа хийсний үндсэн дээр өөрсдийн цахилгааны шугам, дэд станц барих боломжтой байжээ.

Гэтэл "Эс жи групп" ХХК нь 35кВт цахилгааны шугам, 2500кВа шаардлага бүхий нөхцөлийг 35кВт цахилгааны шугам, 1500кВа болгон хүчин чадлыг нь бууруулж, 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөлийг өөрчлүүлэн авч чадсан байна.

Үүгээр зогсохгүй тус техникийн нөхцөл гарч ирэхээс өмнө 2023 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүйгээр, техникийн нөхцөлгүйгээр 35кВт цахилгааны шугам, 1500кВа цахилгааны шугам дэд станцын барилгын ажлыг хийж дуусгасан байжээ. 

-"ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ"-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭНГИЙН ГЭРЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ, АЛТАН АЯГА ЗЭРГИЙГ ХУРААН АВЧЭЭ-

Товчхондоо,  "Эс жи групп" ХХК нь улсын шугам сүлжээнд өргөтгөл хийхгүйн тулд дэд станцынхаа хүчин чадлыг багасгаж, техникийн нөхцөл нь батлагдахаас өмнө дэд станцынхаа барилгын ажлыг дуусгасан байсан байна. Харин тухайн компанийн уг хууль бус үйлдэлд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх, "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Д.Бямбасүрэн, "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нар нөлөөлсөн байж болзошгүй байгаа аж. 

Уг хэрэгт холбоотойгоор "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэр албан тасалгаанд нэгжлэг хийхэд их хэмжээний гадаад валют, төгрөг, хөөрөг, алт байж болзошгүй аяга зэргийг хураан авсан байна. Мөн дээрх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дэх хэсэг Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-д заасан Хахууль өгөх гэсэн зүйл ангиар мөрдөн шалгаж эхэлсэн байгаа юм байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө