Хотын дарга Х.Нямбаатар татвар төлөгчдийн мөнгийг хувийн хэвшлүүдэд хөнгөлөлттэй болон хүүгүй зээлж, такси бааз байгуулах төсөл санаачилсан. Гэтэл энэ нь чөлөөт зах зээлийн зарчмаас гажсан, аль 2000-аад оны үед ихэнх нь дампуураад дууссан такси баазыг дахин бий болгож, түгжрэлийг бууруулахын тулд нийслэлд явах автомашины тоог хязгаарласан хэрнээ 2000 мянган автомашиныг Улаанбаатарт явуулахаар төлөвлөж, таксины бизнес рүү хүртэл төр ордог болох төслийг санаачилсан нь олон нийтийн болоод аж ахуйн нэгж эрхлэгчдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл энэ төслийг санаачилж эхлэхдээ л Хотын дарга Х.Нямбаатар төслийн хүрээнд БНХАУ-аас авах автомашинаа сонгочихсон байж магадгүй байна.
-УЛААНБААТАРТ ЯВАХ ТАКСИНД ХЯТАДЫН BYD E6 АВТОМАШИНЫГ АВАХААР АЛЬ ХЭДИЙНЭЭ СОНГОЖЭЭ-
Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан Улаанбаатар хотын такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах тухай төсөлд дурдсанаар цахилгаан хөдөлгүүртэй 2000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож, үйлчилгээнд явуулна. Ингэхдээ нийслэлээс нийт 77 тэрбум төсөвлөсөн байх бөгөөд 74 хувь буюу 56 тэрбум төгрөгийг 16.5 хувийн хүүтэй бизнесийн зээлээр авахаар тооцож, 26 хувийн санхүүжилтийг нь буюу 21 тэрбум төгрөгийг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүгүй, 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлэхээр уг төсөлд тусгасан. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” ТЭЗҮ-г Нийслэлийн ЗДТГ, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХХК нар хамтран боловсруулсан байна. Энд дурдсанаар такси үйлчилгээнд явуулах тээврийн хэрэгслээрээ цахилгаан хөдөлгүүртэй BYD E6 загварын автомашиныг хамгийн тохиромжтой гэж үзжээ. Тэгэхээр энд ямар ч сонгон шалгаруулалт болохгүй бөгөөд төслийг санаачлахдаа л такси үйлчилгээнд ямар улсын, ямар компанийн, ямар автомашиныг явуулахаа тогтчихсон байсан байж магадгүй байна.

-ЯАРАЛТАЙ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ШААРДЛАГА БУЮУ ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ЗЭРГЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД ЗАЙЛШГҮЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХААР ХУУЛЬЧИЛСАН-
BYD автомашины үйлдвэр нь БНХАУ-ын Шэньжэнь хотод төвтэй, цахилгаан болон хос хөдөлгүүртэй (Hybrid) автомашинаараа дэлхийд тэргүүлэгч компани юм. Тэгвэл “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” ТЭЗҮ-д BYD E6 автомашиныг тохирно гээд бүр тооцчихсон байх аж. Энэ загвар нь цахилгаан хөдөлгүүртэй, Хятадад такси үйлчилгээнд түлхүү ашиглагддаг автомашин юм. Уг автомашин нь дараах шаардлагуудыг хангасан гэж үзжээ.
- Хөдөлгүүрийн хувьд BEV байх бензиний шууд хамаарлаас бууруулж, эдийн засаг болон хүрээлэн буй орчны хувьд эерэг нөлөөтэй байна.
- Овор хэмжээ кузов засварын хувьд MPV буюу Комби загварын байх нь зорчигчид тав тухтай зорчих, бага хэмжээний ачаа тээшийг зөөвөрлөхөд боломжийн хувьд давуу,
- Худалдан авах үнийн хувьд олон тоогоор авах нөхцөлд 120 сая багтаан авах, эргээд төлөгдөх боломжтой байна гэжээ.

Тэгвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажил, үйлчилгээ худалдан авах яаралтай шаардлага үүссэн бол, онц байдал, гамшиг ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээг даван туулахтай холбоотой зэрэг хэдхэн шалтгаанаар л Гэрээ шууд байгуулах аргаар буюу тендер, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж болохоор заажээ.
Тодруулбал,
35.1.Захиалагч дараах үндэслэлээр аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийх замаар гэрээ шууд байгуулж болно:
35.1.1.захиалагч урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах яаралтай хэрэгцээ үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй;
35.1.2.онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй;
35.1.3.шүүх шинжилгээний байгууллагын нарийн мэргэжлийн шинжилгээнд шаардлагатай урвалж бодис нийлүүлэх боломжтой этгээдийн тоо хязгаарлагдмал бол шууд гэрээ байгуулж болно. Гэтэл дээрх нөхцөл байдал үүний аль нь ч биш бол зайлшгүй сонгон шалгаруулалт явуулах ёстой. Сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд худалдан авах автомашинаа сонгосон байж магадгүй байгаа нь хэн нэгний ашиг сонирхол байна уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа бөгөөд ТЭЗҮ-г боловсруулахдаа аль нэг үйлдвэрийн загварыг тодотгосон нь анхаарал татаж байна.