ОХУ-ын Эрхүүд шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаагаар лабораторийн ажилтан нас барж, 200 орчим хүнийг хяналтад авчээ

ОХУ-ын Эрхүүд шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаагаар лабораторийн ажилтан нас барж, 200 орчим хүнийг хяналтад авчээ

ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод тарваган тахал болон бусад халдварт өвчин судалдаг лабораторийн 28 настай эмэгтэй ажилтан шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаагаар нас барж, түүнтэй хавьтал болсон 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад авчээ.

CNN-ийн мэдээлснээр, уг эмэгтэй Эрхүүгийн Тарваган тахлын эсрэг судалгааны хүрээлэнд лабораторийн техникчээр ажилладаг байсан бөгөөд уушгины хатгалгааны “шалтгаан тодорхойгүй” гэсэн оноштойгоор нас барсан байна. ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон хүний сайн сайхны хяналтын байгууллага /Роспотребнадзор/ тухайн эмэгтэйн ажил үүрэгтэй холбоотой бичил биетэн өвчтөний шинжилгээнээс илрээгүй гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч уг тохиолдол тарваган тахлын лабораторид гарсан байж болзошгүй осолтой холбоотой гэх мэдээлэл тархсан байна. CNN-ийн мэдээлснээр, хөрш Буриадын тэргүүн Алексей Цыденов тухайн эмэгтэйг “тарваган тахлаар нас барсан байж болзошгүй” гэж хэлсэн ч тус бүс нутагт тарваган тахлын дэгдэлт гараагүй гэдгийг онцолжээ.

Мөн лабораторийн ажилтан тарваган тахал үүсгэгч Yersinia pestis агуулсан хуруу шил, эсвэл сорьцтой харьцаж байхдаа осолд орсон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан байна. 

Тус эмэгтэйтэй ойр байсан хүмүүсийг эмнэлгийн хяналтад авч, Шелехов дахь эмнэлэгт хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлжээ. CNN-ийн мэдээллээр, хавьтал болсон хүмүүсээс одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Тэгвэл Колумбын их сургуулийн вирус судлаач Анжела Расмуссен хэрэв энэ нь уушгины тарваган тахал байсан ч COVID-19 шиг хүн амын дунд хурдан тархах эрсдэлтэй өвчин биш гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, уушгины тарваган тахал үүсэхийн тулд их хэмжээний нянгаар амьсгалын замаар халдвар авах шаардлагатай байдаг бөгөөд хүнээс хүнд дамжих боломжтой ч COVID-19-тэй адил хурдтай тархдаггүй байна.

Эх сурвалж: CNN