Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамнаас Энэтхэгт зорчиж буй Монгол Улсын иргэдэд зориулан анхааруулга, зөвлөмж гаргалаа.
Тодруулбал, Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотод сүүлийн өдрүүдэд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой олон нийтийн жагсаал, цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ хэд хэдэн өдөр дараалан зохион байгуулагдаж байгаа аж. Үүний улмаас Jantar Mantar, Parliament Street, Connaught Place, India Gate болон тэдгээрийн ойролцоох төвийн бүсүүдэд цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж, замын хөдөлгөөнд түр хугацааны хязгаарлалт, зохицуулалт хэрэгжүүлж байгаа талаар ЭСЯ мэдээлжээ. Иймд Шинэ Делид зорчиж буй Монгол Улсын иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Үүнд:
-
Жагсаал, улс төрийн цуглаан болж буй болон цагдаагийн хамгаалалт, хаалт тогтоосон бүсэд аль болох зорчихгүй байх;
-
Jantar Mantar, Parliament Street, India Gate болон ойролцоох замаар зорчихдоо замын хөдөлгөөний түр өөрчлөлт, цагдаагийн зааврыг чанд мөрдөх;
-
Олон хүн цугласан, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд тухайн газраас нэн даруй холдож, аюулгүй газар шилжих;
-
Жагсаал болон аливаа улс төрийн үйл ажиллагаанд татагдан оролцохоос зайлсхийх;
-
Хот дотор зорчихдоо нэмэлт хугацаа тооцож, шаардлагатай тохиолдолд метро, такси зэрэг нийтийн тээврийн үйлчилгээний өөрчлөлт болон замын чиглэлийн мэдээллийг урьдчилан шалгахыг зөвлөжээ.
Мөн шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдохыг зөвлөсөн байна.