Компанийн 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулж, 1 саяын худалдан авалтын НӨАТ-ын 20 хувийг буцааж өгөх хуулийн төсөл боловсруулжээ

Компанийн 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулж, 1 саяын худалдан авалтын НӨАТ-ын 20 хувийг буцааж өгөх хуулийн төсөл боловсруулжээ

2025 оны турш дуншсан Татварын багц хуулийн төслийг шинэ оны босгон дээр УИХ-д өргөн мэдүүлэв. Энэ бол аж ахуй нэгж, компаниуд болон татвар төлөгч хэн бүхний хүсэн хүлээсэн хууль. Гэхдээ татварын төлөгчдийн нуруун дахь ачааг бодитоор багасгаж чадах уу, хэт өндөр татварын хэмжээг бууруулах уу, татвар төлөхтэй холбоотой зохисгүй харилцааг шийдвэрлэсэн үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Эл хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хэлж буйгаар "Засгийн газраас 2025 оны турш УИХ-ын Тамгын газар, худалдааны танхимуудтай хамтран улс орон даяар 13 000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан 178 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Нийт 176 орчим мянган санал авсны эцэст Татварын багц хуулийг өргөн мэдүүлсэн" байна. 

-400 САЯ ТӨГРӨГӨӨС БАГА ОРЛОГОТОЙ ТАТВАР ТӨЛӨГЧ НЬ НӨАТ-ЫН ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМД ХАМРАГДАЖ, ТАТВАРАА САРААР БУС УЛИРЛААР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛОХООР БОЛГОЖЭЭ-

Тэгвэл эл хуулиар аж, ахуй нэгжүүдийн 25 хувиар татвар төлөх босгыг зургаан тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулахаар тусгажээ.  Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө, жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимд хамрагдаж, татвараа сараар бус улирлаар төлөх боломжтой болохоор болгосон байна. Мөн компаниудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ, баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасуулах эрхийг нээхээр хуулийн төсөлд тусгажээ. Цаашлаад аж ахуйн нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжихээс гадна үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ, гадаадад гарсан үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө гэсэн байна. Хуулийн төслийг ЭНД дарж унших. 

-ИРГЭНИЙ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН 20 ХУВИЙН НӨАТ-ЫГ БУЦААН ОЛГОНО-

Харин иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, үүнээс нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус НӨАТ-ыг хөнгөлж буцаан олгохоор хуульд тусгажээ.

Мөн ажил эрхэлдэг иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно.

Үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ гэжээ. Тухайлбал, аймаг, сум, улсын зэрэглэлтэй хотын болон Нийслэл хотын дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүргийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгөд хөнгөлөлт үзүүлэх нь. Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болох аж. Бүх нийтээрээ шударга төлдөг татварын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үл хамааран татвар төлөгч хамгийн багадаа нэг хувиар татвар төлөх зохицуулалтыг тусгаж, тухайн жилийн нийт 6,000,000 хүртэлх төгрөгийн орлогод ногдох албан татварыг 100 хувиар хөнгөлнө гэжээ. Хуулийн төслийг ЭНД дарж унших. 

-ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ КОМПАНИЙН ДАНСЫГ БҮХЭЛД НЬ БУС 80 ХУВИЙГ БИТҮҮЖИЛНЭ-

Цаашлаад хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж, түвшин буурах нөхцөл бүрдсэн, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулахаар болжээ. Сүүлийн хоёр татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гурван сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно. Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно. Гаалийн болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж, хяналт, шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төслүүдэд тусгажээ.

Сануулахад, эл хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө. 




СЭРЭМЖЛҮҮЛЭГ

5 цагийн өмнө