Дэд сайд С.Даваасүрэн "1.8 сая иргэнд нэг сая төгрөг тараана" гэж мэдэгдсэний дараа ЗГ-аас "мөнгө тараах ямар ч шийдвэр гаргаагүй" гэж залруулга хийв

Дэд сайд С.Даваасүрэн "1.8 сая иргэнд нэг сая төгрөг тараана" гэж мэдэгдсэний дараа ЗГ-аас "мөнгө тараах ямар ч шийдвэр гаргаагүй" гэж залруулга хийв

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2025.12.31/-т Засгийн газрын хуралдаанаар "Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг тараах шийдвэрийг гаргалаа" гэж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдэгдсэн. 

-ОЛОН НИЙТИЙН УУР БУХИМДЛЫГ МЭДЭРСЭН ЗАСГИЙН ГАЗАР УГ ШИЙДВЭРЭЭ БУЦААН ТАТСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА-

Үүнийг сонссон иргэд ам бүлийнхээ тоогоор нэг сая төгрөгөөр үржүүлж бараг авч буй мэтээр төсөөлж байв. Харин энэ нь нийгмийн чимээгүй олонхийн шүүмжлэлийг дагуулж, тэд "Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч улсын төсөв  2.8 их наядаар тасарсан, 2000 аж, ахуй нэгж татвараа төлж чадахгүй  дансаа хаалгасан, өдөрт 8-10 компани хаалгаа барьж, 2 компани татан буугдаж, иргэдийн амьжиргаа хүндэрч байхад юун бэлэн мөнгө тарааж инфляцийг өдөөх вэ" зэргээр бухимдлаа илэрхийлсэн юм.

Уул, уурхайгаас хүртэх ашгийг эдийн засгийн эргэлтэд оруулж хүндэрсэн нөхцөл байдлыг өөд нь татах улмаар нийгмээрээ хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зүйтэй байхад Д.Амарбаясгалангийн нэр холбогдсон "Бор тээг" мөн "Олон овоот"-ын ордыг авангуутаа 1.8 сая иргэнд бэлэн мөнгө болгоод тараагаад дуусгах нь хэнд ч өгөөжгүй юм. Гэтэл шинэ оны босгон дээр Засгийн газар попорсон шийдвэрийг бодитоор гаргасан нь өөрсдийг нь муухай харагдуулсан. 

Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн сайд С.Даваасүрэн "Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх арга хэмжээг чухалчилж үзэж байгаа. Тодруулбал, 2012 онд Засгийн газрын 218 тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-д давуу эрхтэй хувьцааг Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалтыг тусгасан байдаг. Гэхдээ өнгөрсөн 14 жилийн хугацаанд давуу эрхтэй хувьцаанаас ногдол ашиг тараагаагүй. Иймд, Бортээг, Олон овоот зэрэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа хүүхэд, ахмад настан, хөгжлийг бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашгийг үе шаттайгаар олгох шийдвэр гаргалаа. Үүнд 1.8 сая иргэн хамрагдаж байгаа. Үүний 1.3 сая нь 18 хүртэлх насны хүүхдүүд, 400 мянга гаруй нь ахмад настан, 100 мянга гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна" гэсэн юм. 

-МӨНГӨ ТАРААХ ТУХАЙ ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРААГҮЙ ГЭХ ЗАЛРУУЛГЫГ ХИЙВ-

Эх сурвалжийн хэлж буйгаар энэ шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэхдээ олон нийтийн уур амьсгалыг мэдрэнгүүтээ "С.Даваасүрэн буруу ярьсан" мэтээр залруулга хийх гэж оролдсон гэх. Уг мэдэгдлийн дараа Засгийн газрын албан ёсны цахим хуудас дахь энэ тухай ярьсан хэвлэлийн бага хурлын дүрсийг устгасан байдаг. Мөн өөр бусад хэвлэлүүд устгажээ.

Цаашлаад үүнийг цочиж хүлээж авсан УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлэг уг асуудалд анхаарлаа хандуулсан. Харин ЗГХМОНХГ-аас "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан. Ногдол ашиг тараах хэлбэрээр баялгийн сангийн үр өгөөжийг хүртээх гадны жишгийг жишээ болгож ярьсан" гэсэн тайлбарыг өгч залруулжээ.

Тэгэхээр Засгийн газар ийм шийдвэрийг гаргасан ч олон нийтийн эсэргүүцлээс болж буцаасан уу эсвэл шинэ дэд сайд нь гарч ирж буруу мэдэгдэл хийсэн үү ямартай ч 1.8 сая иргэнд нэг сая төгрөг тараахгүй нь. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө