Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт өчигдөр /2026.10.04/ баавгай малчин айлын өвөлжөөнд орж, гэрийг нь сүйтгэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байна. Тодруулбал, айл өвөлжөөндөө барьсан гэртээ эзгүй байх үеэр баавгай гэр рүү дайрч, гэрийн бүрээс болон доторх эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байна.
ВИДЕО:
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зурагт гэрийн дээвэр, бүрээс хэсэгчлэн урагдаж, доторх модон эдлэл, тавилга болон бусад эд зүйлс эвдэрсэн байдалтай харагдах ажээ. Намрын улиралд баавгай өвөлжилтийн өмнө идэш тэжээл эрэлхийлж, хүн, малын суурьшилтай газарт ойртох эрсдэл нэмэгддэг байна. Иймд иргэд баавгайн мөр, баас, сэг зэм зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн газарт ганцаараа явахгүй байх, хүнсний үлдэгдэл, хог хаягдал, малын сэг зэмийг ил задгай орхихгүй байх, баавгай үзэгдвэл ойртож зураг авах, үргээх гэж хөөхгүй байх зэргийг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа юм.