Н.Отгонбаяр: Хятадаас 2000 цахилгаан машин оруулж ирээд, “Хотула” аппликейшнтай холбох Нийслэлийн шийдвэрт ямар ч тооцоо, судалгаа алга

Н.Отгонбаяр: Хятадаас 2000 цахилгаан машин оруулж ирээд, “Хотула” аппликейшнтай холбох Нийслэлийн шийдвэрт ямар ч тооцоо, судалгаа алга

Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан такси үйлчилгээ эрхлэгчдэд хүүгүй зээл олгох төслийн асуудал иргэд, аж ахуйн нэгжүүдийн шүүмжлэлийг багагүй хүлээж байна. Нийслэл такси бааз байгуулах энэ шийдвэр чөлөөт зах зээлийн зарчим, хувийн өмчийн эрхийг дээдлэх бодлогоос хазайж, төрийн оролцоо давамгайлал их болж буй жишгийг үргэлжлүүлсэн хэмээн олон нийт шүүмжилж буй. Тэгвэл уг шийдвэрийн талаар "Ub cab"-ын үүсгэн байгуулагч Н.Отгонбаяртай ярилцлаа.

ВИДЕО:

"НЭГ  АВТОМАШИН  4,5 МЕТРИЙН УРТТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ 2000 ТАКСИ 10 КМ УРТ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭНЭ"

-Таны хувьд 2000 такси импортолж, үйлчилгээнд явуулах шийдвэрийг эсэргүүцэж буй олон нийтийн төлөөлөл. Та эсэргүүцэж буй үндэслэлээ тайлбарлаж өгөхгүй юу?

-Төсөл сонгон шалгаруулж, нийтийн тээврийн хөгжүүлэх сангаас 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаанд хүүгүй зээл олгох юм байна лээ. Хэрэв ингэж тайлбарлахгүй бол намайг мушгин гуйвууллаа гэж хэлээд байна. Нийт 77 тэрбумын ТЭЗҮ-тэй, 20 тэрбумын хүүгүй зээл олгоно гэсэн үг. ТЭЗҮ-гээ танилцуул гэж нийслэлийн удирдлагуудыг шаардсан.  Тэгээд л бөөрөнхийлсөөр байгаад таарлаа. ТЭЗҮ дээр хоёр мянган такси, 4500 ажилтантай такси баазтай болох юм шиг байна. Тэгэхдээ тэр нь төрийн өмчид биш гэдгийг тодотгоод байна лээ. Харин энэ ажлыг хийж чадна гэсэн санхүүгийн чадамжтай газрыг 20 тэрбум төгрөгөөр нийслэлээс дэмжинэ гэсэн гэх ийм төсөл. Гэтэл үүнийг ямар ч эрүүл ухаантай, чөлөөт эдийн засгийг дэмждэг хүн бүр эсэргүүцэж байгаа. Харин нийслэлийн удирдлагуудд эсэргүүцсэн хүмүүсийг бүлэглэл, зохион байгуулалттайгаар харлуулж байна гэж яриад байна. Үнэхээр бас жаахан ядарч байна. Ийм илэрхий, ойлгомжтой зүйлийг ойлгоосой. Тэдгээр 2000 такси нь нэгдүгээр эгнээнд явах эрхтэй гэж тусгасан байсан. Хэрэв нэг  автомашин  4,5 метрийн урттай гэж үзвэл 2000 такси 10 км урт түгжрэл үүсгэнэ. Тэгээд энэ төсөл нь өөрөө түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжиж байгаа гэж байна. Одоо ийм төсөл оруулж ирчхээд нийслэлийн удирдлагууд өөрсдөө уурлаад байна. Бид нарын шаардлага бол маш тодорхой. Энэ төслийг тат. Гэхдээ Улаанбаатар хот стандартын шаардлага хангасан автомашинтай болоход төрийн оролцоотой дэмжлэг үзүүлэх гэж байгааг иргэд эсэргүүцээгүй. Харин энэ аливаа нэг этгээдэд давуу тал олгож болохгүй. Тэр нь манайд байсан  болохгүй шүү дээ. Энэ асуудалтай холбоотой хэдэн жилийн дараа сонсгол болох байх даа.

"70 САЯ ТӨГРӨГИЙН ШИНЭ МАШИН АВСАН ЖОЛООЧ ХЭР УДААН ТАКСИНД ЯВЖ БАЙЖ ӨРТГӨӨ НӨХӨХ ВЭ"

-Таны хувьд бол энэ салбарт бас багагүй ажилласан хүн. Энэ төсөл өө өөрөө хэрэгжих боломжгүй, амжилтгүй болно гэдэг зүйлийг хэлсэн. Шалтгааныг тайлбарлаж болох уу?

-Одоо 2000 битгий хэл, 10 машин дээр жолооч олдоход хэцүү. Цахим платформ нь хувь хүнд өөрийнхөө төлөө ажиллах боломжийг олгож байгаа. Тэд төгрөгийн цалинтай байх вэ. Мөн НИТХ-ыг буруу мэдээллээр хангаж байсан байна. Сая мөн худлаа  ярьлаа. Километр тутам бид нар 1500 төгрөг байхаар тооцсон гээд байсан. Энэ төсөл ашигтай байхын тулд километр тутам 3500 байх юм гэнэ.  Минутын төлбөр нь 120 төгрөг байж байж ашигтай байна гэх ТЭЗҮ хийчихсэн юм байна. Гэтэл сүүлдээ ТЭЗҮ-ээ юу ч биш, өөрчилж болно оо гэдэг зүйл ярьж байна. Ингэж болдог юм уу, үнэхээр гайхаж байна. Тэгээд нэг авто машиныг 77 сая төгрөгөөр худалдаж авах ерөнхий тооцоолол гаргасан байна. Улаанбаатар хотод таксинд явж байгаа хүмүүс 70 сая төгрөгийн шинэ машин авах боломжтой юу. Цаашлаад 70 сая төгрөгийн машинаар хэр удаан таксинд явж байж өртгөө нөхөх вэ гэдэг  тодорхойгүй байна. Тооцоолол хийсэн хүмүүс маш ерөнхий, зүгээр л цаасан дээр юм хийчихсэн бололтой. Тус такси бааз 500 ажилтан, албан хаагчтай байна гэнэ. Тэгээд төр өөрөө орж мөс хагалж хийх ёстой гэж яриад сууж байна. Гэтэл бид 13 жилийн өмнөөс мөс хагалаад энэ салбарыг хөгжүүлж байна. Бид 15 аймагт одоо ажиллаад явж байгаа. Үнэ тарифын үнэтэй гэж ярьдаг. Гэтэл орон нутгуудад гэхэд маш хямд. Миний гомдоод байгаа нэг асуудал бол бусад улсууд “яаж үндэсний компаниа хамгаалах вэ, яаж үндэсний зах зээлээ дэмжих вэ, та бүгдэд юу хэрэгтэй байна” гэж явдаг. Гэтэл манайд яаж үндэсний компаниа хорлох вэ, яаж зах зээлийг нь хуваах вэ гэдэг бодлого баримталдаг. Монопол байх тухай яриад байдаг юм. Энэ талхны үйлдвэр биш шүү дээ.

"“ХОТУЛА” ГЭЖ АППЛИКЭЙШНААР НИЙТИЙН ТЭЭВРИЙН КАРТ, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ОНГОЦНЫ БИЛЕТ,  СКҮҮТЕР, ТАКСИ ГЭЭД БҮГДИЙН ТӨЛБӨР ТООЦООГ ХИЙДЭГ БОЛНО"

- Энэ нь 2 мянган таксинд зориулж Нийслэлээс аппликэйшн хөгжүүлж байгаа тухай мэдээлэл бий. ТЭЗҮ дээр энэ асуудлаа тусгасан байна уу?

Одоо манай улсад нэг ийм соёл тогтмоор байна. Шийдвэр гаргагчдын хэлсэн үг хоёр утгагүй баймаар байна. Өнөөдөр төр такси бааз байгуулж байна уу гэж асуухаар тийм, үгүй гэж хариулаад байна.  ТЭЗҮ дээрээ километр тутам 3500 төгрөг байгаа хэр нь тайлбарлахдаа километр тутам 1500 төгрөг гэж тайлбарлаад байна. Аль нь үнэн юм бэ. ТЭЗҮ дээрээ таксинуудаа нэгтгэсэн нийтийн тээврийн платформтой болгоно оо гэж байна. Тэгсэн хэр нь ауухаар хийхгүй гэж тайлбарлаад байна. Энэ бүхний яг аль нь үнэн юм бэ.  Бид  ер нь шүгэл үлээчихсэн юм байна. Таксины энэ төсөл бол зөвхөн мөсөн уулын орой. Бид нар үүнийг харж, мэдэж, сонсож байгаа. Монголчууд цөөхүүлээ шүү дээ. Хаана юу болоод байгааг мэдэж байгаа. Нүүрс худалдаж авахын тулд бүгд хэрэглэж буй “Хотула” гэж аппликэйшнтэй болсон. Мөн нийтийн тээврийн карт, үзвэр үйлчилгээ, онгоцны билет,  скүүтер, такси гээд бүгдийн төлбөр тооцоог тус аппликейшнаар хийнэ гэнэ. нийслэлийн төсвийн хөрөнгөөр тэр эко системийг бий болгох төслүүдийг нэг нэгээр нь дэмжиж байгаа юм байна. “Хотула брэнд” гэж яриад байгаа шүү дээ. “Хотула” дээрээ бүүр цаг агаар, зурхайг хүртэл гаргадаг болно гэнэ. Энэ байж болох юм уу. Монгол Улсын цөөхөн хэдэн мэдээллийн технологийн бизнес эрхлэгчид, инженерүүдтэй. Төр ингээд өөрсдөө хамгийн том тоглогч болж өрсөлдөөд байвал энэ залуусын урам хугарна. Бид энэ олон инженерүүдийг Монголд тогтоохын тулд маш өндөр зардал гаргадаг. Хэрвээ энэ төрийн оролцдог жишиг үргэлжлэх юм бол энэ залуус Монголоос гараад л явна. Энэ залуус дэлхийн хаана ч үнэлэгдэнэ.

-Аппликэйшнийг нь нийслэл хөгжүүлнэ гэдэг чинь Нийслэл өөрөө такси баазтай болж буй гэсэн үг биз дээ.

-Цаасан дээр байгаа юмыг нь уншихаар тийм байгаа юм. Гэтэл үгүй гэж хэлэх юм. Хэлэх үг алга

-Олон улсад төр өөрийн такси баазтай байдаг жишээ бий юу?

-Солонгос улс 190 мянган такситай. Тэгээд тэдгээр таксинууд зуун хувь хувь хүний такси.  Хэдийгээр хүн харахад стандарт такси байгаа ч гэсэн хувь хүмүүс шаардлагаа хангаад явж байгаа. Төр стандартаа баримталж, бодлогоо л тодорхойлно. Харин манай улсад болохоор заавал нэг нэгдсэн байдлаар худалдан авалт хийж бааз байгуулна гээд  зүтгээд байна.  Гэхдээ Солонгост эдгээр дарга нарын хийх гээд буй таксины бааз модель бий. Гэхдээ Солонгос улсын Сөүл хот Улаанбаатараас хэд дахин том билээ. Сөүл хотын хамгийн том такси бааз дээр очиход 50 ширхэг такси л байсан. Тэгээд 500 жолооч ээлжилж ажилладаг. Гэхдээ энэ нь хувилбар нь эдийн засгийн хувьд жоохон ашиг багатай байдаг. Хамгийн ашигтай нь хувилбар бол хувь хүн. Стандарт шаардлага хангах гэж байгаа нь зөв. Гэхдээ стандартыг хангахдаа нэгдсэн худалдан авалт хийж, үнийг нь тогтоож байгаа нь буруу. Хэрэв үнэ нь алдагдалтай байвал автобус шиг л юм болно шүү дээ.

"ТӨР ТАКСИ БААЗТАЙ БОЛОХ ШИЙДВЭРЭЭ АЛСААС ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙСЭН"

- Нийслэлээс хувиараа таксинд явах юм бол 5 сая төгрөгөөр торгоно гэсэн шийдвэрийг гаргасан. Харин дараа нь нийслэл өөрөө такси баазыг байгуулах гэж байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй төр өөрөө хамгийн том тоглогч болох гээд байна лдаа.

-Төр өөрөө стандарт тогтооно. Тэгээд ахиад нэг тоглогчид дэмжлэг үзүүлнэ. Бусад тоглогч яах вэ гэдэг асуулт гарна. Гэхдээ энэ бол зөвхөн өнөөдөр гарч ирсэн зүйл биш. Одоогоос 1-2 жилийн өмнө “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль” анх орж ирсэн. Тус хуулинд бүсчилсэн татварын асуудал яригдаж эхэлсэн. Эхлээд хотын төв рүү орохдоо татвар төлөх асуудал яригдсан. Мөн зөвшөөрөлгүй таксинд явах юм бол иргэн 5 сая, хууоийн этгээд 50 сая төгрөгөөр торгоно гэх асуудал орж ирсэн. Гэхдээ тус төлбөрийг стандарт такси төлөхгүй. Стандарт таксийг бий болгохын тулд хуульчид стандартаар зохицуулж байсан зүйлийг лиценз болгосон. Тухайн үед би тус төслийн ажлын хэсгийн ахлагч П.Сайнзоригтой уулзаж байсан. Бид энэ хуулийг маш хүчтэй эсэргүүцэж байсан юм. Гэтэл хуулиа батлахдаа одоо 3 саяар торгоно гээд бууруулаад баталчихсан. Маргаан үүссэний эцэст УИХ-ын тогтоол гарсан. Тус тогтоолд цахим платформоор явж байгаа таксинууд энэ торгуульд хамаарахгүй гэсэн агуулга бүхий. Энэ гэхдээ зөвхөн “Ub Cab” биш бусад ч боломжтой болгосон. Төр такси баазтай болох шийдвэрээ алсаас зохион байгуулалттай хийсэн гэж би хардаж байна.

-Танд ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?

-Хотын дарга Х.Нямбаатар хүмүүсийг хэмжээндээ байлгахыг шаарддаг шүү дээ. Одоо би тэгж хэлмээр байна. Х.Нямбаатар даргаа та өөрөө хэмжээндээ бай. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Төрийн үндсэн үүрэг бол иргэддээ үйлчлэх , иргэдийнхээ амар тайван амьдралын ая тухыг хангаж, амьдралд нь тус дэм болох ёстой. Үүний төлөө хичээж явах ёстой. Мэдээж агаараас мөнгө олохгүй. Харин бид нарын төлсөн татвараар зөв зүйтэй шийдвэр гаргаж явах ёстой. Монгол улсад 20 тэрбум төгрөг бага мөнгө биш.Зарцуулах,  шийдэл хийх хэрэгтэй өөр зүйл зөндөө асуудлууд байна. Асуудлуудыг зөв эрэмбэ, дараатай шийдвэрлэж явах ёстой. Хотын дарга энэ асуудалд эрүүл ухаанаар хандах байх гэж бодож байна. Энэ төслөө хэрэгжүүлмээр байгаа бол яаж хэрэгжүүлэхээ бодох хэрэгтэй.  Өнөөдөр жолооч нар “Бид стандарт, шаардлага хангасан машинуудаараа нэгдүгээр эгнээн дээр явдаг болъё, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, шар дугаар авья гэхээр та нар өгөхгүй байна” гэж хэлж байна шүү дээ. 2000 автомашин оруулж ирэхэд татвар төлөгч нарын хэдэн төгрөгөөр улсын дугаар худалдаж авах бол. Одоо хэлэх ч үг үнэндээ олдохгүй байна. Энэ төслөө эргүүлж татна гэдэгт Хотын дарга Х.Нямбаатарт итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Нийслэлийн санхүүжилтээр БНХАУ-аас 2000 ширхэг цахилгаан автомашин худалдан авч, такси үйлчилгээ үзүүлэх нь зөв үү?

Нийт: 1 саналтай