Хил дамнасан төмөр замын тээврээр ойролцоогоор 4 тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэнэ

Хил дамнасан төмөр замын тээврээр ойролцоогоор 4 тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэнэ

Гашуунсухайт Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн явцын мэдээллийг Таван толгой төмөр замаас мэдээллээ. 

Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хил дамнасан гүүрээр дамжин БНХАУ-ын Ганцмод-Ваншүйчюань чиглэлийн төмөр замтай холбох юм.

Гашуунсухайт Ганцмодны хил дамнасан төмөр замын төсөл нь нийт 8 багц ажлаас бүрдэх аж. 

Үүнд:

  • Төмөр замын дээд, доод бүтэц;
  • Урт гүүр;
  • Эрчим хүч;
  • Барилга байгууламж;
  • Дохиолол холбоо;
  • Авто зам;
  • Тоног төхөөрөмж;
  • Стандарт

Энэхүү төсөл нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,4 км, дэлгэмэл урт 32,6 км, авто зам 11.5 км, нийт 19 барилга байгууламж, нийт гүүрний урт 9.4 км ба нийт трассын 48%- ийг эзэлж байна. Мөн техникийн үзүүлэлт, гадаргын хотгор гүдгэрээс шалтгаалан 31 м өндөр суурь бүтэцтэй төмөр зам баригдах нөхцөл үүссэн. Өргөн царигаар жилд 20 сая.тн, нарийн царигаар жилд 10 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно.

Тус төслийн төмөр замын гүүрэн байгууламжийн анхны шон өрөмдлөгийн ажлыг хоёр улсын хилийн 0 цэгт 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлснээр барилгын ажил албан ёсоор эхэлсэн. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ГашуунсухайтГанцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд барилга угсралтын ажлын үндсэн суурь болох геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. /Нийт төслийн хүрээнд 11 хатуу цэг болон хаалттай бүс байгуулах талбайн хашааны эргэлтийн 170 цэгүүдийг газарт бэхэлж Ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн цэгүүд нь барилга угсралтын явцад ашиглагдах байгууламжууд нарийн хэмжих, барилгын ажил алдаагүй, стандартын дагуу хэрэгжих боломж бүрдэж байна.

Хоёр улсын тэргүүнүүдийн 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Тус тунхаглал хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 20 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 2030 оноос нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000$-т хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6%-аас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5%-д барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой болно. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд (Шивээхүрэн, Ханги, Бичигт)- ыг төмөр замаар холбох асуудал шийдэгдэнэ. “Гурвыг цогцоор” гэдэг зарчмын үр дүнд 2030 оноос хойш төмөр замаар экспортлох ачаа 30 сая.тонноос дээш /20 - Чайна Энержи, 10 < - бусад/, Тавантолгойн ордын нүүрсний экспорт 70 сая.тонноос дээш /20 - Чайна Энержи, 50 < - Бирж/, жилийн нэмэлт борлуулалтын орлого 1.5 тэрбум ам.доллароос дээш үр дүн, өгөөжийг өгөх ач холболгдолтой байна. Одоогоор Монгол Улсын нийт авто тээврийн боомтын хүчин чадал 85 сая.тн бөгөөд төмөр замын хилийн боомтууд нэмэгдэнэ. Ингэснээр жил боомтын хил дамнасан төмөр замын тээврээр ойролцоогоор 4 тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэнэ.