“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Нэгдлийн зарчмаар ажилласны үр дүнд бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, 3.0 их наяд төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. Мөн уул уурхайн экспортын үр дүнд улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлжээ.
Тайлангийн хурлын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одхүү тэргүүтэй удирдлагууд 2025 онд геологи хайгуул, эрдэс баялгийн нөөц, санхүү, үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн нэгдлийн шилдэг компаниудыг тодрууллаа.
Тухайлбал, менежментийн үйлчилгээг хамгийн сайн хэрэгжүүлэгчээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглах чиглэлд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, улсын төсөв, санхүү, гадаад валютын нөөцөд оруулсан хувь нэмрээр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тус тус манлайлсан байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн оруулж буй хувь нэмрийг үнэлж, шинэ Хархорум хотын захиргаанаас талархал гардууллаа.