“Лантуун дохио” ТББ “Ид шидийн уут” аянаа 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү аян нь алслагдсан дүүрэг, гэр хороололд амьдарч буй хүүхэд багачуудад өвлийн өвгөн, цасан охин, алиалагчийн дүрээр очиж нийгмийн бодит асуудал, нөхцөл байдал ямар байгааг судалдаг юм. Мөн халуун сэтгэлт Монголчуудаас цугласан хандив буюу дулаан хувцас, хичээлийн хэрэгсэл, амттан зэргийг өгдөг юм. Тэгвэл тус аяны “Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн М.Билгүүндалайтай талаар цөөн хором ярилцлаа.
ВИДЕО:
-“Ид шидийн уут” 2025 аяны талаар ярилцъя. Бэлтгэл ажил ямар байна вэ?
-“Ид шидийн уут” аянаа 12 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Хүмүүс дөрөвхөн хоног хүүхдүүдэд бэлэг тарааж байгаа мэт харагддаг. Гэтэл цаана нь 100-150 сайн дурын ажилчдын нэг сарын хөдөлмөр явж байдаг. Яг одоо ч тэдгээр сайн дурын ажилчид маань ажлаа хийсээр л байна. Энэ жилийн хувьд аянд нэгдэж, хандив өргөх хүний урсгал бага байна. Үүний шалтгааныг бид эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Хувь хүн болон байгууллагуудын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа санагдсан. Бэлэгээ тарааж эхлэхэд ердөө хоёрхон хоног дутуу байгаа ч манайд ирж байгаа хандив өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад бага байна.

-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд жил тутам хэдэн хүүхдэд бэлэг өгдөг байсан бэ. Энэ жил хэдэн хүүхэд баярлуулахаар төлөвлөж байна.
-Улаанбаатар хотын есөн дүүргийн гэр хорооллын амьдралын боломж тааруу, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хүрдэг. Гэхдээ зөвхөн айлд ордог гэж бас ойлгож болохгүй. Усаа аваад явж байгаа, тоглож байгаа зэрэг гадаа таарсан хүүхдүүдэд ч өгдөг. Жилдээ хамгийн багадаа 4.000-5.000 хүүхдэд хүрч ажилладаг. Харин энэ жил энэ тоог нэмэгдүүлж, 8.000 болгох төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо бидэнд цугласан нөөц боломж 1.000 хүүхдэд хүрэх хэмжээнд л байгаад байна. Энэ бол бидний төлөвлөсөн хэмжээнээс маш бага. Бид энэ сарын 20,21,27,28 гээд амралтын өдрүүдэд бэлгээ тараах болно. Хугацаа бага ч гэсэн байгаа учир цуглачих болов уу хэмээн найдаж байна.

-8.000 хүүхдээ хэрхэн сонгодог вэ?
-Баг хуваарилалт болон айл сонгох бол 100 хувь санамсаргүй байдлаар явдаг. Бүргүүлсэн хүмүүсээ есөн баг хуваадаг. Тэгээд дүүрэг тус бүрээр хуваарилдаг. Тухайн баг өөрт оноогдсон газрын айлуудаа тандаж, судлаад зорилтот гэсэн айлуудад ордог гэсэн үг.

-12 жилийн хугацаа өнгөрсөн учир тодорхой хэмжээний судалгаа байдаг байх.
-Тийм ээ. Энэ жил явж байгаа багууд маань гэхэд тодорхой хэмжээний судалгаатай болчихно шүү дээ. Дараа жил ирэх шаардлагатай, эргэж анхаарах шаардлагатай гээд тэмдэглэчихдэг. Энэ мэт байдлаар явдаг.
-Танай аяны гол онцлог нь тусламж хэрэгтэй хүүхдүүдийг харьяа байгууллагат хандаж, тусламж үзүүлдэг шүү дээ.
-Тийм ээ. Тухайн хүүхдийн эрүүл мэнд болон бусад асуудал хэвийн байгаа эсэхийг давхар судалдаг. Хэрэв эрх нь зөрчигдсөн болоод бусад асуудал байгаа гэж үзвэл дараа дараагийн арга хэмжээг авах мэргэжлийн бүтэн баг ард ажиллаж байдаг.

-Таны хувьд энэ аянд нэгдээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд нийгмийн байдал хэр өөрчлөгдсөн гэж боддог вэ?
-Би 2019 оноос хойш энэ аянд нэгдээд явж байна. 2019 он болон 2025 оныг харьцуулаад харах юм бол нийгмийн нөхцөл байдал яг л хэвээрээ байна. Нийгмийн нөхцөл байдал, тэгш хүртээмж гэх асуудал хангагдахгүй байгаа гэж харж байгаа. Шинэ жилийн баяр болоход бүх хүн догдолж баярладаг. Бүх хүүхэд шинэ жилийн баярыг аз жаргалтайгаар угтаж чадаж байна уу гэдэг бол бодох асуудал. Нэг уут бэлэг өгч байгаа мэт боловч хүүхдэд дурсамж, баяр хөөр, итгэл найдвар бэлэглэдэг. Иргэдээс ч сэтгэгдэл ирдэг. Өвлийн өвөө байдагт итгэсэн хүүхэд минь хичээлээ сайн хийсээр байгаа гэж хэлдэг хүн бий. Тэгэхээр нэг ууттай бэлгийн ард гарах өөрчлөлт, үр дүн маш сайн гэж үздэг. Хэрэв хүчирхийлэлд өртсөн хүүхэд байвал бид асуудлыг нь нэг талд нь гарах хүртэл явдаг.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.