2025.11.21-нд Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл осолдож, 2 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тус ослын улмаас нас барсан хоёр хүний хувьд Хөвсгөл аймаг руу , уул уурхайн тэсэлгээний тэсэрч дэлбэлдэг бодис болон багажийг тээвэрлэж байсан Дотоодын цэргийн 809-р ангийн алба хаагч болон жолооч байсан юм. Тэгвэл тус ослын улмаас амиа алдсан 809-р ангийн алба хаагчийн ээж өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Тэрээр "Миний хүү шиг ажил хөдөлмөр эрхэлдэг залуус болон хүний хань ижил, аав ээжүүдэд, сануулъя. Төрийн өмнөөс оготно боож үхнэ гэдэг шиг, ганц өрөө байрны үнэ цэнгүй, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байна гээд амиа золиослох хэрэггүй гэдгийг дуулгамаар санагдлаа. Зөвхөн өөрийгөө болон хайртай гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, хань ижилдээ урт удаан харагдаж амьдар. Ганц өрөө байрны ч (жишээ шүү) үнэ цэнгүй, эвдрэл гэмтэл бүү мэд машин, туршлагатай туршлагагүй жолооч нь бүү мэд юманд найдаж, алс хол хэдэн км замд гаргаад явуулж байгаа бөх зүрхтэй, сэтгэлгүй, хүмүүсийн тушаал гэгчээр амиа золих хэрэггүй ээ. Төсөвгүй, мөнгөгүй гэдгээр шалтгаалдаг ч тусад нь хамгаалалтын машин гаргаж өгтөл хол зам, тээвэрт бүү яваарай. Амь нас чинь үнэ цэнгүй гэдгийг үрээсээ хагацсан, зовж суугаа ээж би сануулж байна. Миний хүү архи, дарс, тамхи зэрэг хорт зүйлс хэрэглэдэггүй. Шүүх шинжилгээний хариу ч мөн хэрэглээгүйг нь тогтоосон байдаг. Мөн хугацаат цэрэгт алба хааж байгаа хүүхэд биш юмаа. Дотоодын цэргийн 809-р ангийн Тусгай хамгаалалтын салбарын алба хаагч, дэд ахлагч цолтой, албан үүргээ гүйцэтгэж явсан, хүний ганц хүү биш, айлын бага отгон хүүхэд юм. Даруухан, томоотой, ажилсаг, нөхөрсөг, болгож төрүүлж, өсгөж хүмүүжүүлэн, эх оронд нь тангарга өргүүлж, эх орны хүү болгосон нь миний буруу байжээ. Ард түмнээ боддоггүй, хайрладаггүй, халамж анхаарал байхгүй, амиа өргөөд ч төлөөсгүй, сүйрсэн арчаагүй, Монгол улс. Цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэгт хамгаас их гомдож хүүгээ харамлах минь яав даа гэж одоо би харамсаад сууж байна. Цэл залуухан 20 настай сайхан залуугийн минь амь насыг авч одчихоод тэтгэмж нөхөн олговор нь цалингийн дунджаар, 5 жилээр бодоод 1 өрөө байрны мөнгөнд ч хүрэхгүй. Ер нь бол ийм дампуу улсад үр хүүхдээ үхэл рүү түлхье л гэвэл цэрэг цагдаагийн хүн болгох юм байна.
Хүүгийн минь ажиллаж байсан байгууллага тээврийн компанитай гэрээтэй, уул уурхайн тэсэлгээний тэсэрч дэлбэлдэг бодис болон багажийг Цагдаагийн хамгаалалт дор зөөвөрлөдөг. Харин энэ удаа хамгаалалтаар нь миний хүү, тээврийн компанийн жолоочийн хамт хоёулхнаа Хөвсгөл чиглэлтэй Архангайгаар дайран өнгөрөх маршруттай явсан. Харин замдаа Архангайн Цагаан даваа дээр машинаас уу, жолоочоос уу шалтгаалсан осол болсноор газар дээрээ жолооч, миний хүү хоёр нас барсан эмгэнэлт явдал болсон юм.
Эцэст нь хүүгийн минь амь нас, эрүүл мэнд эргэж ирэхгүйгээр одсон ч өөдөөс хууль яриад сууж байгаа нь бүр дургүй хүргэм. Нэмээд бичихэд энэ осол, хүн нас барахад дарга нар ямар хамаатай юм бэ гэсэн хүмүүст хандаж хэлэхэд “Хамаатай хамгийн их хамаатай” хүний амины төлөөсөнд уучлал гуйгаад, сандал суудлаасаа огцор. Төсөвгүйн улмаас тусгай машин гаргаж чаддаггүй гэдэг тайлбартай” гэжээ.