Д.Амартүвшин: Дулааны станцууд агаар бохирдуулж байна VS Э.Энхбат: Станцууд нүүрсийг шууд түлдэггүй /ВИДЕО/

Д.Амартүвшин: Дулааны станцууд агаар бохирдуулж байна VS Э.Энхбат: Станцууд нүүрсийг шууд түлдэггүй /ВИДЕО/

Нийслэлийн толгойны өвчин болсон агаарын бохирдлыг бууруулахаар жил бүр багагүй хөрөнгө зарцуулдаг. Гэсэн ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн билээ. Түүний нэг бол хагас коксон түлш. Энэ жил бид БНХАУ-аас хагас коксон түлшийг авчирч хэрэглэж буй. Энэ нь мөн адил тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг иргэд шүүмжилж буй. Улмаар нэр бүхий албан тушаалтнууд агаарын бохирдлын шалтгааныг Дулааны цахилгаан станцууд руу чихсэн. Тэгвэл энэ асуудлын талаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-аас тодруулсан юм.

ВИДЕО:

"ДЦС-УУД MNS 5919:2008  СТАНДАРТ БАРИМТАЛДАГ"

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотод нийт таван ДЦС үйл ажиллагаа явуулдаг. Тус таван станц жилд 5,8 сая түүхий нүүрсийг түлж, дулаан болон цахилгааныг боловсруулж гаргадаг. Ингэхдээ 50 мянган гэр хорооллын айлтай тэнцэхүйц агаарын бохирдлыг гаргаж байна. Мөн нийт 130 мянган автомашинтай тэнцэхүйц агаарын бохирдлыг үүсгэж байна” хэмээн мэдээлсэн.

Харин энэ асуудалд ДЦС-3 ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн, Үйлдвэрлэлийн экологийн инженер Э.Энхбат “ Манай цахилгаан станцыг хувьд 2024 онд 1,5 сая тонн нүүрс түлсэн. Харин энэ оны хувьд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1,4 сая тонн нүүрс түлэхээр байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж буй станцууд дээр нөгөө утааны хийд тавигдах стандарт гэж бий. Бид MNS 5919:2008 гэсэн стандартыг баримталдаг. Мөн манай станцын хувьд дотоод хяналтын тоног төхөөрөмж байгаа. Шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн байгууллагаар хэмжилтээ хийлгэдэг. Тухайлбал, Өнгөрсөн сард Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас хөндлөнгийн хэмжилт хийлгэж, стандартаас давсан үзүүлэлт байхгүй гэх хариугаа авсан.

MNS 5919:2008 стандартын дагуу азотын давхар исэл гэхэд 1.270 мг.метр куб байх ёстой. Харин манай станцынх 230 мг.метр куб гарсан. Мөн хүхрийн давхар исэл 1.931 мг.метр куб байх ёстойгоос 706 мг.метр куб гарсан байгаа. Харин тоосонцрын хувьд 21.000 мг.метр куб байх ёстойгоос 1.071 мг.метр куб байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр манай станцын хувьд баримтлах ёстой стандартаа л барьж байгаа” гэлээ.

"БИД УТААНЫ ШҮҮЛТҮҮРҮҮДЭЭ ХОЁР ЦАГ ТУТАМД ШАЛГАДАГ УЧИР ДОГОЛДОЛ ГАРАХ НЬ ХОВОР"

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд маань цахилгаан станц, автомашинтай харьцуулбал хамаагүй сайжруулсан түлшийг бол хэрэглэж байгаа. Хортой хүнд металл элементүүдийг нь унагаачихсан гэсэн үг. 500-600 градуст жигнэж болгосон хагас коксон түлшийг  хэрэглээд явж байгаа” гэж тайлбарласан.

Харин энэ асуудалд ДЦС-3 ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн, Үйлдвэрлэлийн экологийн инженер Э.Энхбат “Дулааны цахилгаан станцууд нүүрсийг шууд түлдэггүй. Шат дамжлагаар оруулдаг. Эхлээд нүүрсийг микро хэмжээнд хүртэл нунтагладаг. Улмаар нунтагласан нүүрсээ бункерээр дамжуулж, зуух руу оруулдаг. Харин утааны хувьд яндангаас гарахаас өмнө хоёр шат шүүлтүүрээр дамжуулдаг” гэв.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Ямар ч төлөвлөгөө байхгүй асуудлууд бий. Нийслэлээс Эрчим хүчний яамтай хамтарч эдгээр том яндангуудаас гарч байгаа шүүлтүүрүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй байна. Станцуудын янданд байдаг шүүлтүүрүүд ажилладаггүй, доголдолтой байна. Иймд, шүүлтүүрүүдийг засаж, янзлах шаардлагатай. Нийслэлээс энэ асуудалд Байгаль орчны яам болон ЭХЯ-тай ярилцаад явж буй” гэсэн юм.

ДЦС-3 ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн, Үйлдвэрлэлийн экологийн инженер Э.Энхбат “Манай цахилгаан станцын хувьд гэхэд шүүлтүүрүүд нь хэвийн ажиллаж байгаа. Ер нь шүүлтүүргүй ажиллах ямар ч боломж байхгүй. Шүүлтүүрүүд байнгын тогтмол ажиллаж байх ёстой. Шүүлтүүрийн ажиллагаа доголдсон тохиолдолд зууханд барометрт өөрчлөлт орно. Тэгээд бид яаралтай арга хэмжээ авч, шүүлтүүрийг хэвийн ажиллагаанд оруулдаг. Мөн бид байнгын хяналт тавьдаг.

Хоёр цаг тутамд шалгалт хийгээд явдаг учир шүүлтүүрт доголдол гарах нь их ховор. Одоо манай байгууллага гарч байгаа утаанд хэмжилт хийдэг. Мөн хөндлөнгийн хэмжилт хийлгэдэг. Ашигт үйлийн коэффициент нь 92-95 хувьтай байдаг.

Тухайлбал, 2023 онд Нийслэлийн Агаар Орчны бохирдолтой тэмцэх газраас хөндлөнгийн хэмжилт хийлгэхэд 94 хувийн ашигт коэффициенттой гарсан байна. Энэ нь тоосны хэмжээний 94 хувийг шүүж байна гэсэн үг” гэлээ.

"МАНАЙ СТАНЦЫН ХУВЬД ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ШУУД ТҮЛНЭ ГЭХЭД ТЕХНОЛОГИ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ БОЛНО"

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Дулааны цахилгаан станцууд түүхий нүүрс түлдэг. Маш ихээр вагон, вагоноор ирж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Хагас коксон түлшийг түлэх ёстой” гэсэн юм.

Харин хагас коксон түлшийг түлэх боломжтой эсэх асуудалд ДЦС-3 ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн, Үйлдвэрлэлийн экологийн инженер Э.Энхбат “Үндэсний хорооноос нийслэлд хагас коксон түлшний үйлдвэр ашиглалтад орсноор станцуудаа хагас коксон түлшээр хангая гэдгийг ярьж байгаа. Ингэснээр айлуудад нэвтрүүлж байгаа түлш ижил хэмжээний үр дүн үзүүлнэ. Мэдээж, нөгөө талд эрдэмтэн багш судлаачдын тооцоо, судалгаа хэрэгтэй. Хүндрэлүүд гарна. Манай станцын хувьд хагас коксон түлшийг шууд түлнэ гэхэд технологи өөрчлөх шаардлагатай болно. Зуухны шаталтын технологи бүгд гинжин холбоотой байдаг. Шат дамжлага бүрийг өөрчилж, технологи өөрчилсөн тохиолдолд түлэх боломжтой. Манай ДЦС-уудын яндан тодорхой хэмжээний өндөр түвшинд байгаа. Тухайлбал, Өндөр даралтын станцын хувьд 150 метрийн өндөрт байдаг бол дунд даралтын станц 100 метрийн өндөртэй. Энэ нь хүний амьсгалах түвшнээс дээгүүр” гэсэн юм.

-ДЦС-аас гарсан утааны өнгө өөр, өөр байдаг гэх асуудалд ямар тайлбар хэлэх вэ?

-Хамгийн эхэнд агаарын температур нөлөөлнө.  Мөн нүүрсний чийглэг, утаа шүүх шүүлтүүр нөлөөлнө. Учир нь шүүлтүүр усаар ажилладаг. Шүүлтүүр лүү утаа орохын өмнө 180 градус орчим халуунтай байдаг.  Ингээд шүүлтүүрт ус ууршилт явагдаж байгаа гэсэн үг. Мөн өвлийн ачаалал эхэлж буй учраас тоноглолын тоо нэмэгдэж байгаа. 13 зуух 100  хувийн ачаалалтай ажиллаж байна. Тэгэхээр нийт яндангаар хаягдаж байгаа эзлэхүүн маань нэмэгдэж байна гэсэн үг. Иймд, өвлийн улиралд утаа өтгөн харагддаг. Ер нь бол утаа уурын холимог гэж ойлгож болно.