Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд тус сургуулийн “Хүндэт доктор” цол тэмдэг гардуулахаар шийдвэрлэж, 12 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өглөө.
Хүндэт доктор цол тэмдгийг гардуулах ёслолд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох удирдлагууд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн докторууд оролцов.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Эдийн засгийн факультет 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1991 оноос Эдийн засгийн сургууль, 1997 оноос хойш Бизнесийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь тус сургуулийг 1989 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Бизнесийн сургууль байгуулагдсанаас хойших анхных, 1991 оноос хойших хугацаанд тус сургуулийн 3 дахь “Хүндэт доктор” боллоо.

