Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төвийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төв нь манай улсад анх удаа байгуулагдаж буйгаараа онцлог юм. Хоёр улсын хамтарсан уг төвийг байгуулах санаачилга хоёр жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сараас эхэлж байв. БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй ховор металлын судалгааны төвийн барилгын ажлын засвар үйлчилгээг хийх тендерийн ажлыг төсөл хэрэгжүүлэгчдийн нэг болох тус улсын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (KOMIR)-аас гүйцэтгэжээ.
Нээлтийн үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ” Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Чой Жин Вон, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, Хатагтай ноёдоо! Монгол-Солонгосын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны бодит илэрхийллийн нэг болсон Ховор металлын судалгааны төвийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлье.

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2023 оны 11 дүгээр сард Хамтарсан хорооны анхны хурлаа зохион байгуулж, энэ танхимд бүтээн байгуулалтын ажлыг хийх төлөвлөгөө, зорилго, зорилтоо ярьж байсан бол Өнөөдөр энд цугласан бүх хүний хүч хөдөлмөрийн үр шимээр сэтгэл шингэсэн иж бүрэн судалгааны төвийг нээхэд бэлэн болоод байна. Энэхүү судалгааны төв бол хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажлын үр дүнг өндөр түвшинд гаргах хүчин чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж, олон улсын стандартад нийцсэн тохижилт бүхий лаборатори болон салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих төв байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Ховор металлын эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөж, геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа энэ цаг мөчтэй зэрэгцэн нээлтээ хийж байгаа судалгааны төвийн үйл ажиллагаа нь өндөр технологийн түүхий эдийн боловсруулалтын технологийг хөгжүүлэх, нутагшуулахаас эхлээд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Солонгосын дэвшилтэт технологийн хүрээлэн, Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн, Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац, ИСАН консалтинг ХХК-ийн хамт олонд болон цаг ямагт дэмжин ажиллаж байгаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, яамны хамт олонд гүн талархал илэрхийлье. Ингээд Судалгааны төвийг хариуцлагатайгаар цаашид авч явах хүндтэй үүрэг Геологийн судалгаа-шинжилгээний төвийн хамт олонд ирж байна. 68 жилийн түүхтэй манай хамт олон энэхүү нэр төртэй үүргийг түүчээлэн авч явна гэдэгт салбарын сайдын зүгээс итгэл дүүрэн байна. “Цаас ч хоёулаа өргөвөл хөнгөн” гэдэг хэлц үгээр мэндчилгээгээ өндөрлөе! Бид хамтын хүчээр илүү том ирээдүйг бүтээх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Мөн тус улсын “Nature and people” компани шалгарч, засварын ажлыг хийж дуусгасан байна. “Монгол-Солонгосын ховор металлын судалгааны төв”-ийн багаж, тоног төхөөрөмж дээр ажиллах инженерүүдийг сургах ажлыг нэг жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сард БНСУ-д зохион байгуулжээ. Мөн тухайн жилийн арванхоёрдугаар сард Монголд уг сургалтыг явуулсан байна. Түүнчлэн уг төвийг байгуулах төслийн хэлэлцээний тэмдэглэлийн хавсралт болох тоног төхөөрөмжийн ховор металлын судалгааны төв жагсаалтыг шинэчилж, холбогдох тоног төхөөрөмжүүдийг оруулж иржээ. Хоёр улсын хамтарсан ховор металлын судалгааны төвийг байгуулахтай холбоотой Удирдах хорооны хурлаар Геологийн судалгаа-шинжилгээний төвөөс гаргасан хүсэлтийн дагуу шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг оруулж ирэх тоног төхөөрөмжөөр солих асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн нь энэ аж.