Б.Батнасан: Аваргын төлөөх тулааны тов гарснаас хоёр хоногийн дараа Б.Энх-Оргил хүнд бэртэл авсан ч тулалдаж, ялсан

Б.Батнасан: Аваргын төлөөх тулааны тов гарснаас хоёр хоногийн дараа Б.Энх-Оргил хүнд бэртэл авсан ч тулалдаж, ялсан

Netflix-ийн хит шоу болох “Physical Asia”-д Б.Орхонбаяр ахлагчтай манай улсын тамирчид эх орноо төлөөлөн оролцож, Монгол тамирчид ямар их ур чадвар, тэсвэр хатуужилтайг дэлхий дахинд батлан харуулсан билээ. Тус шоунаас хойш Монгол Улсыг тэр тусмаа шоунд оролцсон тамирчид дэлхий нийтийн анхаарлын төвд буй.

Тэгвэл энэ сарын 6-нд манай улсын холимог тулаанч Б.Энх-Оргил “One Championship” холбооны дэлхийн аварга болж, эх орынхоо нэрийг дахин өргөлөө. Тус тэмцээний дараа Б.Энх-Оргилын ярилцлага өгөх үеэр түүний орчуулгыг хийсэн Б.Батнасантай ярилцлаа. Түүнийг хувьд “Shandas MMA” /Team Tungaa/ клубийн тамирчдын тэмцээн, уралдаанд оролцох тов, гадаад болон дотоод харилцаа зэрэг чухал асуудлуудыг хариуцдаг юм.

ВИДЕО:

"МОНГОЛ ТАМИРЧДАА ДЭЛХИЙД ГАРГАХ ТӨДИЙГҮЙ ГАДНЫН УЛС ОРНООС ТАМИРЧИД АВЧРАХ АЖИЛД АНХААРДАГ"

-Таны хувьд хувьд “Shandas MMA” /Team Tungaa/ клубт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

Энэ клуб, багт ажиллах тохиол хэрхэн гарч байсан юм бол. -“Shandas MMA” /Team Tungaa/ клубтэйгээ хамтарч ажиллаад олон жил болчихсон мэт санагдаж байсан. Гэтэл ердөө жил зургаан сар өнгөрсөн байна. Миний хувьд тулааны спортод маш дуртай. Гадаад улсад амьдардаг байхдаа хичээллэдэг байсан. Би Ж.Нарантунгалаг багшийг бол мэддэг байсан.

Багш бол холимог тулааны спортоор МУГТ цол тэмдэг хүртсэн анхны тамирчин, Ази номхон далайн орнуудын Legend холбооны хоёр удаагийн аварга, 2014 онд “One Championship” холбооны дэлхийн аварга болж байсан гээд маш мундаг хүн шүү дээ. Мөн “K one” холбооны шилдэг 10-т байсан.

Тийм учраас эх орондоо ирээд Ж.Нарантунгалаг багшийн “Team Tungaa” баг дээр бэлтгэл хийхээр ирсэн байдаг. Ингээд хэд хэдэн удаа сонирхогчидтой бэлтгэл хийсэн. Улмаар багш намайг мэргэжлийн тамирчидтай бэлтгэл хийлгэж эхэлсэн. Энэ үеэс л баг тамирчидтайгаа танилцаж, нөхөрлөж эхэлсэн гэсэн үг. Удалгүй Б.Энх-Оргил тамирчин маань Тайланд улсад Филиппин улсын тамирчинтай тулалдах болсон. Тэмцээн болох талаар сонсоод би маш их дуртай учир очиж ахыгаа дэмжихээр шийдсэн юм. Гэтэл Ж.Нарантунгалаг багш багтайгаа явах боломж олгосон. Ингээд мэргэжлийн тэмцээнд багштайгаа, ахтайгаа оролцох үед маш гоё мэдрэмж авч байлаа. Бид гурвын ганзага маш гоё нийлсэн. Үүнээс хойш “Shandas MMA” клубийн тамирчдын гадаад, дотоод харилцаа хариуцдаг байсан багш маань харамсалтайгаар нас барсан юм. Ингээд Тайланд улсаас ирээд Ж.Нарантунгалаг багш гадаад, дотоод харилцаа хариуцах санал тавьсан. Анх бол би чадах болов уу гэх айдас байсан.

-Танай клубийн тамирчдад ирсэн гадаад, дотоод бүх л санал танаар дамждаг гэж ойлгож байгаа.

-Тийм ээ. Ер нь хэнтэй тулалдах зэрэг бүх асуудал над дээр ирдэг. Гэхдээ манай “Shandas MMA” /Team Tungaa/ клуб бол ямар л тулаан байна хүлээж авдаг. Монголчууд ер нь тэр талаараа алдартай. Тэр дундаа манай клуб бол эрсдэл хүлээж байж дээшээ гарна гэж үздэг. Бүх тамирчны хэзээ, хаана, хэнтэй тулалдах зэрэг асуудал надаар дамждаг. Гэхдээ мэдээж, багтайгаа ярилцаж шийдвэр гаргадаг. Мөн миний хувьд Монголын холимог тулааны хамгийн том холбоо болох “MGL1” холбооны гадаад харилцаа хариуцсан захирал гэсэн албан тушаал хашдаг. Монгол тамирчдаа дэлхийд гаргах төдийгүй гаднын улс орноос тамирчид авчрах ажилд анхаардаг.

"ЭНЭ УДААГИЙН ТУЛААНД “АРААТАН” Б.ЭНХ-ОРГИЛ ОЧИЖ ЧАДААГҮЙ"

-Хоёулаа сая болж өнгөрсөн тэмцээний талаар ярилцъя. Таныг сошиал орчинд дэмжсэн хүмүүс их байлаа. Тухайн үеийн мэдрэмжээ хуваалцвал.

-Бид долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлтэй байдаг. Б.Энх-Оргил аварга маань өглөө хүчний бэлтгэл хийдэг бол орой үндсэн бэлтгэлээ хийдэг. Бүтэн жилийн буюу 365 хоногийн хугацаанд бэлтгэлээ 2-3 удаа л тасалсан байх. Яг ижилхэн мэргэжлийн бэлтгэл хийдэг хүний хувьд тэднийхээ жаргал, зовлонг маш сайн ойлгодог. Аварга маань маш удаан хугацаанд өндөр бэлтгэлтэй, дэглэмээ хадгалж ирсэн.

Гэтэл дэлхийн аваргын төлөө Фабрисио де Андрадетай тулалдах тов гарснаас хойш хоёрхон хоногийн дараа хүзүүгээ хугалчихсан. Тулааныг дахиж хойшлуулмаар гэж хэлье гэхэд дахин энэ боломж хэзээ ирэх вэ гэх асуудал гарна. Тийм учраас багаараа ярилцаад зүтгэхээр шийдсэн. Хүзүүний гэмтэл нь удаж эдгэсэн. Ингээд 11 сарын дунд үеэс эхэлж өндөр ачаалалтай бэлтгэлд орсон. Ямар их тэсвэр тэвчээр, хатуужил гаргаж, юу туулсныг маш сайн мэдэж байгаа учир маш их сэтгэл хөдөлсөн.

Холимог тулааны дүү, хамтран зүтгэгч, бэлтгэл хангагч гэдэг утгаараа гарсан гэсэн үг. Ер нь тэмцээний тов гарснаас хойш бүх зүйл ирмэг дээр л байсаар ирсэн. Энэ удаагийн тулаанд бол “Physical Asia” шоунаас өмнөх “Араатан” Б.Энх-оргил очиж чадаагүй. Тэр Б.Энх-Оргилын 80 хувьтай л тэмцээнд оролцсон. Хоёр сар бэлтгэл нь тасарсантай холбоотой. Холимог тулаанч хүний хүзүү гэмтэнэ гэдэг бол маш хүнд. Бүх бэлтгэлд хүзүү чухал, оролцоотой байдаг. Мөн хүзүүний булчин өргөн байх тусам тархинд цус сайн очиж, бодож сэтгэх чадвар сайн гэж үздэг. Гэтэл аварга маань хүзүүгээ хугалчхаад мэдээгүй долоо хоног бэлтгэл хийсэн байдаг. Энэ мэт хүнд бэрхийг давж туулсан. Тулаан гайхалтай болсон. Тэр ч утгаараа миний сэтгэл хөдлөл тэгж их гарсан.

-Тэмцээний үеэр нүдэндээ их бэртэл авсан харагдсан. Оёдол тавиулсан уу?

-Оёдол тавиулсан. Гэхдээ нүд нь бол зүгээр. Тулааны тамирчид бол энгийн биднийг бодвол супер биетэй. Анх бэлтгэл хийж эхлэх үед бие хөхөрч байдаг. Яваандаа ямар ч асуудалгүй болдог. Жирийн хүнийг бодвол цусны улаан эс ихтэй байдаг. Жирийн үедээ зүрх нь 45 цохилдог зэрэг бие нь жирийн хүнээс өөр. Шарх, сорви нь маш хурдан эдгэдэг. Тулаан дуусах үед эмчийн үзлэгт ороход хугарал, цөмрөл зэрэг юу ч байгаагүй. Мөн 2014 онд Ж.Нарантунгалаг багш баруун нүднийхээ дээр мөн адил оёдол тавиулж байсан юм билээ. Бас их сонин давхцал.

-Багтайгаа нэгдсэнээс хойш оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн их сэтгэлд үлдсэн тэмцээн гэвэл ямар тэмцээнийг хэлэх бол.

-Мэдээж, саяны Б.Энх-Оргил ах маань аварга болсон тэмцээн. Энэ тэмцээн бол 2008 оны Бээжингийн олимпоос хойш Монголчуудыгаа баярлуулж, нэгтгэсэн үйл явдал гэж бодож байна. Монголчууд маань энэ тэнд таарахаараа маш их баярлалаа гэдэг үгийг хэлж байна. Үүний өмнө Филиппин улсын тамирчинтай хийсэн тулаан мөн маш гайхалтай байсан. Тэр ялалт бол “One Championship” холбооны түүхэнд байгаагүй байх. Тулаан дуусахаас нэг секундийн өмнө гарын гурвалжин гэдэг боолтоор өрсөлдөгчөө унтуулж, ялалт байгуулсан. Энэ тулаанаараа сенсац тарьж байлаа. Тэр үед мөн адил би маш их баярласан.

"ФАБРИСИО АВАРГАТАЙ ДАХИН ТУЛАЛДАХ ҮЕД АХ МААНЬ ЭДГЭЧИХСЭН, ЗЭРЛЭГ БАЙГАЛИЙН СОД БҮТЭЭЛ  ГЭДГЭЭ ХАРУУЛАХ БОЛНО"

-Одоо өөр UFC зэрэг өөр холбооны тэмцээнд оролцох боломж бий болов уу?

-Ямар нэгэн холбоотой гэрээ байгуулсан тамирчин бол өөр холбоонд тулалдах боломжгүй. Сая “One Championship” холбоо 140 гаруй оронд шууд дамжуулсан. Үзэлт, хандалтаараа хамгийн том гэж явдаг. UFC болон “One Championship” холбоо бол хоёулаа ДАШТ зохион байгуулдаг.

-Фабрисио де Андраде өөрийн бүсээ буцааж авахаа мэдэгдсэн. Тэгэхээр бүсээ хамгаалах гээд жинхэнэ тулаан одоо л эхэлж байна уу даа.

-Тийм ээ. Фабрисио аваргатай дахиж тулалдах нь тодорхой. Тэр хүртэл бидэнд цаг байна. Тэр үед аваргын маань бэртэл эдгэнэ. Тэгээд зэрлэг байгалийн сод бүтээл Б.Энх-Оргил аварга маань бүсээ хамгаалах болно. Бүсээ хамгаалахын тулд жилд хоёр удаа тулалдах үүргийг хүлээж байгаа. Монголчуудыгаа тэр бүрд дэмжээсэй хэмээн хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.