УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Гурвыг цогцоор буюу Харбины гэрээ хэлэлцээр, түүний бэлтгэл ажил, ААН хоорондын хамтын ажиллагааны гэрээ, баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах үүрэг бүхий УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах нь улс орны эдийн засаг төдийгүй хоёр улс хоорондын геополитикийн асуудалтай холбоотой тул ул суурьтай хандахыг УИХ-ын дарга сануулав.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд орж буй гол зохицуулалт нь улсын төсвөөр зарлагдаж буй судалгаа шинжилгээний тендерт төрийн өмчийн их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх, Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулах, судалгааны их сургуулийн суурийг бэлдэх, судалгааны ажлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг боломжийг бүрдүүлнэ.