Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрснээр эхэлж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн танилцуулав. Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хурапдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдээс урьдчилан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан хэмээгээд Байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудын талаар мэдээлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бум-Очир, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Ч.Номин, Р.Эрдэнэбүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Уянгын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан cap тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсны дараа П.Сайнзориг, М.Ганхүлэг, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тогтоол батлагдсанаар малчид, аж ахуйн нэгжүүдэд ямар боломж гарч буйг тодруулсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Тогтоол батлагдсанаар Засгийн газарт тодорхой эрх олгох зохицуулалт хэрэгжинэ. Баруун бүсийн таван боомтоор улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг үзүүлнэ. Тогтоол батлагдсан тохиолдолд аль болох хурдан хугацаанд Засгийн газраас шийдвэр гарна. Тэжээлийн импортод ногдуулж байгаа таван хувийн, гурилын импортын 15 хувийн татварыг “0” хувь болгох саналаа салбарын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулах зорилготой байгаа учир хугацааг 04 дүгээр сарын 15-ныг хүртэл гэж тооцож байна гэсэн хариулт өглөө. Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хуруулт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.