Н.Учрал: Засгийн газраас хөрөнгө оруулалтын хуулиа оруулж ирж, давхардсан хяналт шалгалтаа бууруул. Арай дэндлээ

Н.Учрал: Засгийн газраас хөрөнгө оруулалтын хуулиа оруулж ирж, давхардсан хяналт шалгалтаа бууруул. Арай дэндлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянга нарын өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг хуулийн гол агуулга нь бүх нийтийн амралт бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах тухай хуулийн зохицуулалт юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Номин: Энэ  нь бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлж байгаа хууль юм. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нэмэгдэхгүй юм шиг боловч амралтын өдрийн нөлөөлөл жилд дунджаар 2-3 өдрөөр нэмэгдэнэ. Ажил хийхгүй өдөр нэмэгдэж бүтээмжид нөлөөлнө. Жижиг дунд аж ахуй эрхлэгчдэд үйлчилгээний, аялал жуулчлалын, уул уурхайн салбарынханд нөлөөлнө. Бизнес эрхлэгчид тухайн өдрийнхөө түрээсийг төлөөд л явна. Тэгсэн мөртлөө орлого нь тэг байна. Хэрвээ зогсох боломжгүй аж, ахуй нэгжүүд байвал жишээ нь уул, уурхайн компаниуд амралтын өдрийн тоогоор 3 дахин цалингаа нэмэгдүүлж төлнө. Зардал нь нэмэгдэнэ. Манай улс 1 хүртэлх хувийн бүтээмжээ алдаж байгаа гэдгийг тооцох ёстой. Цагаан сар, наадмын амралтын өдрийг л ажлын өдөрт тооцуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. 

УИХ-ын дарга Н.Учрал: Засгийн газрын сайд нар ажлаа хийл дээ. Компаниудын дансыг хаасан асуудлаар гишүүд асуулт асуугаад байна. Хэн хариулах юм бэ. Сангийн сайд хаана байна. Ядаж байхад дэд сайд байхгүй. Сайд нар гадаадад ажиллана, ажлын хэсэгт ажиллана, УИХ-д орж ирнэ гээд хуваагдаж байгаа ч чуулганы танхимд орж ирж асуултанд хариулмаар байна. Ирэх долоо хоногт ач холбогдолтой хуулиуд оруулж ир. Нийгмийн даатгалын 8 хуулийг ирэх долоо хоногт оруулж ир. Арилжааны хууль, эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, ашигт малтмалын гээд олон хууль хүлээгдэж байна. Арай дэндлээ. Ач холбогдолтой хууль оруулж ир. Засгийн газарт үүрэг өгч байна. Хөрөнгө оруулалтын хуулиа оруулж ир. Давхардсан хяналт шалгалтаа бууруул. Хэдэн 10 жил ярилаа. Эцэстээ нийтээр тэмдэглэх баяр яриад байж байна шүү дээ бид нар. 

Ингээд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.