ЧУУЛГАН: 21 мянган компани дансаа хаалгаж, нүүрсний үнэ унаж төсөв тасарсан энэ үед бүх нийтээр амрах хууль ярих нь чухал биш

ЧУУЛГАН: 21 мянган компани дансаа хаалгаж, нүүрсний үнэ унаж төсөв тасарсан энэ үед бүх нийтээр амрах хууль ярих нь чухал биш

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянга нарын өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг хуулийн гол агуулга нь бүх нийтийн амралт бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах тухай хуулийн зохицуулалт юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Энэ хууль төрийн албаныханд их хэрэгтэй байх. Хувийн хэвшлийнхэн бол үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж цалингаа тавих нь чухал. Эдийн засаг хүндэрсэн үед уг хуулийг хэлэлцэх нь чухал биш юм. Эдийн засаг хүндэрсэн асуудлыг эхэлж яриачээ. Гадуур мөнгөтэй хүн  алга. Аж, ахуй нэгжүүд татварын өр, дарамтад орж дансаа  хаалгаж байна. Цалингаа тавьж чадахгүй байна. Төсөв хүндэрч  алдагдалл 3 их наядад хүрлээ. Би есдүгээр сарын 18-ны өдөр энэ талаар ярьж байсан. Өнөөдрийн байдлаар аж, ахуй нэгжийн орлогын албан татвар 1 их наяд төгрөгөөр тасарчхаад байж  байна. АМНАТ мөн 1.4 их наядаар тасарсан. Энэ бүх алдагдлыг гадаадаас 2.2 их наяд төгрөгийн бонд босгож нөхөж байна. Дотоодоос 500 тэрбумын бонд босгосон мөн 800 тэрбум төгрөгийн гадаад зээл авлаа. Энэ бүхнээр алдагдлыг нөхөж байгаа. Нийт 5.5 их наядаар төсвийн алдагдал нөхөж байна шүү дээ. Өр гэж тамтаггүй болсон. Өнөө өглөө коксжсон нүүрсний үнэ 30 доллараар унасан. Эрчим хүчний нүүрс 3 доллараар унасан. Үүнийг мэдэж байгаа хүн байна уу. Эрдэнэс Тавантолгой 11.1 сая тонн нүүрсний мөнгийг урьдчилж авч хэрэглэчхээд нүүрсээ гаргаагүй байж байна. Нүүрсний үнэ өвөл өсдөг. Гэтэл энэ үед буурч байна гэдэг аюулын дохио. Аж, ахуй нэгжүүдээ дэмж. Татварын дарамтыг багасга. Дансыг нь нээ. 21800 компанийн дансыг хаасан байна. Үүнийг хаа. Тэр компаниуд цалингаа тавьмаар байна шүү дээ. Татварын дарамт хэрээс хэтэрсэн. Бүх татварын дарамтаас өндийдөг хүн алга. Татварын мөнгийг үрэлгэн зардал, төрийн тансаглалд хэрэглэж байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн Р.Бум-Очир: Монгол Улс нийтдээ 16 өдөр амардаг. Олон улсын жишгээр бол энэ өндөртэйд тооцогддоггүй. Гол шалтгаан нь энэ 16 өдрөөсөө Монголчууд ердөө 9-11 өдөр л бодитоор амардаг юм байна. Учир нь амралтын өдрүүд ихэнх нь хагас, бүтэн сайн таардаг. Жилийн тооцоогоор дандаа давхацдаг. Жишээ нь, 2025 онд зургаан өдөр нь хагас, бүтэн сайн таарсан учраас 16 өдрөөс 11-хэн өдөр амарна. Өнгөрсөн жилүүдэд ч адилхан. Дэлхийн дундаж бол 17–18 өдөр байдаг юм байна. Тиймээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн гэж ойлгосон. Миний битүүний өдөр амардаг болгох хуулийн төсөл огт өөр. Нэг өдрийн тухай. Мэдээж ААН-үүдийн нөхцөл байдлыг ойлгож байна. Эдийн засаг, санхүү, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэх нь чухал. Гэхдээ амралтын өдрүүд хэт богино, хагас бүтэн сайн таарахаар хүмүүс их яардаг, түүнээсээ болоод авто замын зөрчил, гэмт хэрэг нэмэгддэг гэсэн тооцоо судалгаа байдаг. Амралтын өдрүүд арай тавиу таарсан үед бол замын осол, зөрчил харьцангуй багасдаг. Амрах өдрүүд багасах тусам авто замын хэрэг, зөрчил нэмэгддэг статистик байгаа. Тиймээс амралтын өдрүүдийн зохицуулалтыг анхаарах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Уг нь бол хуулиараа Засгийн газар тохируулга хийж ажлын өдрүүдэд шилжүүлж болдог. Үүнийгээ тулгаж хийгээд хувийн хэвшилд төвөг учруулах тал бий. Энэ нь тухайн байгууллагад санхүүгийн ачаалал болдог. Нийтээр тэмдэглэх өдрийг ажлын өдөр болговол цалинг нэмж олгоно. Үүнийгээ дагаад нийгмийн даатгалын шимтгэлийг арай илүү төлнө.  Засгийн газар өмнөх жил нь шийдвэрээ гаргаад амралтын өдрөө зарлачихвал их зүгээр. Одоо бол хатуу хуульчлах гэж байна. Жижиг ААН амрахад орлого тасарна, үүнийгээ дагаад түрээсээ төлөхөд л хүндрэлтэй. Тэгэхээр үүнийг тооцож бодсон зүйл байна уу. Уг нь ААН-үүддээ ээлтэй байдлаар зохицуулалтуудыг хийх ёстой.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Уянга: Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилчин байвал нэмэгдэл хөлс тооцох тухай Хөдөлмөрийн тухайн хуулийн 2.2 болон 109-ын 4-т зааж өгсөн байдаг. Түүнд цалин хөлсийг хоёр дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэсэн. Аль эсвэл салбарын сайдын 2022 оны А/49 дүгээр тушаалаар цалинг илүү төлөөд явдаг. Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа иргэдэд тодорхой нөлөө үзүүлнэ. 2022 он хүртэл нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөртэй давхцвал яах вэ гэдгийг Засгийн газар зохицуулдаг харилцаа хуульд байсан. Тухайн онд Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа энэ зохицуулалтыг байхгүй болгосон. Хууль хэрэглэхгүй байгаа гэх иргэдийн шүүмжлэл байнга байдаг. Үүний нэг нь энэ хуулийн төсөл. Өнгөрсөн 2024 оны Цагаан сарын амралтын өдрүүдийг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Хуультай танилцахад энэ заалт байхгүй байсан. Тэгээд буцаагаад оруулъя гэж ярилцаад Хууль тогтоомжийн тухай хуулиараа оруулж ирж байгаа л асуудал. Эдийн засаг хүнд байхад албаар амрах тухай ярьсан зүйл байхгүй. Дарааллаараа одоо л орж, хэлэлцүүлж байгаа юм.

ВИДЕО: