Одоогоос яг нэг жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь төрийн өмчит бүх компанид МАН, АН, ХҮН намаас нийт 400 хяналтын менежерийг томилно гэж байсан ч 128 томилоод зогссон гэх мэдээлэл бий. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар дээрх 128 хяналтын менежерийн албан тушаалыг халж, оронд нь дэд сайд нарыг томилох мэдээлэл аль өнгөрсөн зургаадугаар сараас гарсан юм. Тодруулбал, дэд сайд нарын томилгоог тун удахгүй буюу оны өмнө хийхээр болжээ. МАН-ын Их хурлын үеэр ч дэд сайдын албан тушаалыг сэргээх саналыг олон гишүүн гаргасан гэдэг.
- ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРИЙН АЛБАН ТУШААЛЫГ ТАТАН БУУЛГАЖ 16 ДЭД САЙДЫГ АЖИЛЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хуульд байгаа. Өмнөх Засгийн газрын үед ч орон тоо, төсөвтэйгөө байсан. Хэл ам, шүүмжлэлээс айгаад томилоогүй юм билээ. 10-20 хүний төсвийг хэмнэснээс тэднийг ажиллуулаад 1,000-2,000 хүний ажлыг хийлгэж, үр ашигтай байлгаж болно шүү дээ. Гадаад харилцааны сайд гадагшаа явсан үед зочин ирвэл түүнийг орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн заавал байдаг. Засаг дарга ч орлогчгүй бол ажил нь явдаггүй. Дэд сайдын асуудал хуульд ч бий, төсөв, орон тоо нь ч байгаа. Орлогч сайд бол дэлхийн бүх улсад байдаг орон тоо. Нэгээр ч тогтохгүй байдаг. Энэ бол улс төрийн албан тушаал. Хэмнэх гэхээсээ илүү бодит үр ашгаа тооцож Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж шийдэх ёстой гэж үзэж байна" гэж чуулганы индэрээс мэдэгдсэн удаатай.
Тэгэхээр 128 хүн ажиллуулж байхаар 18 орчим дэд сайдыг ажиллуулж төсвийн ардлыг хэмнэе гэсэн байна. Тодруулбал, өмнөх Засгийн газрын үед МАН, АН, ХҮН намаас томилсон бүтээмж болон хяналтын менежерийн цалингийн зардал 29 орчим тэрбум төгрөг байжээ. Цалингийн зардлаас гадна унаа, байр бусад хангамжийн зардал нэмэгдэнэ. Түүний оронд 16 дэд сайдыг 414 сая төгрөгийн цалинтай ажиллуулж, 58 дахин хэмнэлт хийж болно гэж үзэж байгаа аж.
-ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭД САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ УИХ, ЗАСГИЙН ГАЗРААР ОРУУЛНА ГЭСЭН БИЛЭЭ-
Засгийн газрын тухай хуулинд “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” гэсэн үндсэн үүрэгтэй гэж заажээ. Харин дэд сайдгүй энэ үед төрийн нарийн бичгийн дарга сайдыг төлөөлж чадахгүй учир бүх гарын үсэг хүлээгдэх зэрэг хүндрэл бий болсон байна. Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайдыг томилох асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.