Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, "2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор үүрэг даалгавар өглөө. Төсвийн дагуу орлого бүрдүүлэлт дээр онцгой анхаарч ажиллах, энэ оны эцэс хүртэл орлогодоо тааруулж алдагдал нэмэхгүй байх, зардлаа эрэмбэлж, бүх төсвийн ерөнхийлөн захирагч нар үүн дээр сайтар анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө. Хоёрдугаарт, энэ нөхцөл байдлын талаар иргэдэд тогтмол мэдээлэл өгч ажиллах үүрэг даалгавар өгсөн байна. Мөн хэмнэлтийн хуулин дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүд болох “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөтөлбөрүүдээс гадна хэд хэдэн хөтөлбөрүүдийг 2026 он руу шилжүүлж байна. Мөн уул уурхайн салбарт үзүүлж байгаа зарим нэг хөнгөлөлт, чөлөөлөлтийг зогсоох, хязгаарлах саналыг боловсруулж танилцуулах үүрэг даалгаврыг өглөө. Эдгээр арга хэмжээнүүдийг ирэх гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
Татварын орлого бүрүүлэлтэд эрсдэл үүсэж байгаа гурван төрлийн шалтгаан байна. Нэгдүгээрт, нүүрсний үнэ 50 хувь унасан нь татварын орлогод нөлөөлж байна. Хоёрдугаарт, импортын хувь хэмжээ буурснаас 1.2 их наядаар импортын татварын орлого буурсан. Гуравдугаарт, мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй асуудал үүсэж байна. Тодруулбал, АН-ын бүлгийн хуралдааны дараа татвартай холбоотойгоор өршөөлийн хууль санаачилна гэсэн мэдэгдлээс хойш ялангуяа дүүрэг, орон нутагт татвар бүрдүүлэлт дээр нэлээдгүй эргэлзээ үүссэн. Үнэхээр татварын өршөөл явах гэж байгаа бол татвараа төлөхгүй харзнах, хойшлуулах сэдэл бий болсноос болсон. Иймд тийм мэдэгдэл гаргасан улс төрийн хүчнүүд үүнийг эргэж хараасай гэж хүсэж байна. Тэртээ тэргүй орлого бүрдүүлэлт дутаж байгаа энэ үед ийм мэдээлэл гарах нь маш том хор уршигтай. Иймд тэр мэдэгдлээ даруй эргэн харж зогсоохыг хүсэж байна. Мөн цалин тэтгэвэр тэтгэмжэтэй холбоотой саатсан зүйл огт байхгүй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: