Монголын ногоон барилгын хүрээлэнгээс “Ногоон барилгын манлайлагч - 2025” шагнал гардуулах ёслолыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь ногоон барилгын BestGER шалгуурт нийцсэн барилга байгууламжийн тоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй барилгын дэвшилтэт технологийг нутагшуулах, олон нийтэд ногоон барилгын ач холбогдлыг сурталчлан таниулах чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан аж ахуйн нэгжүүдийг алдаршуулах зорилготой бөгөөд Төрийн банк ногоон барилгыг санхүүжүүлэгч санхүүгийн шилдэг байгууллагаар шалгарлаа.
Төрийн банкны тухайд, энэ онд ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээл болон ногоон орон сууцны зээлийг зах зээлд нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлийнхээ нэр төрлийг нэмэгдүүлсэн. Энэ нь ногоон барилгын салбарын хөгжилд томоохон дэмжлэг болж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.
Тухайлбал, өнгөрсөн онд үндэсний ногоон барилгын үнэлгээний BestGER аргачлал батлагдсантай холбоотойгоор банкны зүгээс ногоон орон сууцны зээлийг зах зээлд нэвтрүүлж, зээлийн шалгууртаа тус үнэлгээг хийлгэх талаар тусгасан нь үнэлгээний систем практикт нэвтрэх, цаашлаад ногоон барилгын эрэлт өсөхөд томоохон түлхэц үзүүлснийг Ногоон барилгын хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл хэлж байсан юм.
Ногоон орон сууцны зээл зах зээлд нэвтэрснээр ногоон орон сууц болон амины ногоон орон сууц худалдан авах, барих хүсэлтэй харилцагчид 1.0 тэрбум хүртэлх төгрөгийг урт хугацаанд буюу 240 хүртэлх сараар зээлэх боломж бүрдсэн. Харин зээлийн хүүгийн хувьд, BestGER аргачлалын дагуу үнэлгээ хийлгэснээр харилцан адилгүй тогтох бөгөөд тухайн барилга “ногоон” байх тусмаа хүү буурах нөхцөлтэйгөөрөө онцлогтой.
Хэрэв та эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд, ногоон орон сууцны зээлийн мэдээлэлтэй танилцах бол энд, Ногоон барилгын BestGER гэрчилгээ олгох журамтай танилцах бол энд дарна уу.
Итгэл төгс-Ногоон ирээдүй