Энэ удаагийн "Social ID" буландаа Ховд аймгийн уугуул Ч.Галбадрахыг урилаа. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр болсон ЭХЭМҮТ-ийн нэрэмжит хандивын барилдааны үеэр “Toyota Sienta” маркийн авто машины азтан болсон юм.
ВИДЕО:
"МИНИЙ ХАМГИЙН ИХ ДЭМЖДЭГ БӨХ БОЛ УЛСЫН ХАРЦАГА Б.ЦЭДЭНСОДНОМ"
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Чүлтэмжамцын Галбадрах гэдэг. Би Ховд аймгийн Дарви сумын уугуул. Улаанбаатар хотод орж ирээд 10 жил болж байна. Анх хотод орж ирээд "Монгол шуудан" ХК-д есөн жил жолооч хийж байгаад одоо "Грийн групп" компанид түгээлтийн жолооч хийж байна.
-Та хэдэн тасалбар авсан бэ?
-Би ер нь Монгол бөхийн өргөөнд жилдээ 1-2 удаа бөх үзчихдэг хүн. Ер нь Монгол бөхөө үзэх дуртай. Үзэж амжаагүй бол нөхөж үздэг. Харин өнгөрсөн амралтын өдрийн тухайд манай хадам эгч нэг тасалбар бэлэглэсэн юм. Тэгээд азтан болсон. Хадам эгчдээ маш их баярлалаа л гэж хэлмээр байна. Надад Улсын арслан Э.Батмагнай машины түлхүүр гардуулж өгсөн. Улсын арслан Р.Пүрэвдагва намайг сугалсан. Их баяртай байна.

-Баярынхаа сэтгэгдлээ хуваалцаач. Тухайн үед их сандарсан харагдсан.
-Сандраад босоод л гүйсэн. Яаж хүмүүсийн урдуур гарснаа ч мэдэхгүй байгаа шүү дээ. Үнэхээр их баярлаж байна. Өмнө нь иймэрхүү азтантай бөхийн барилдаан үзэж байсан.
-Авто машинаа шууд унаад гэртээ харьсан уу?
-Тийм ээ. Авто машинаа унаад шууд харьсан. Гэрийнхэн сүү бариад зогсож байсан. Телевизээр үзэхээс гадна хүмүүс залгаж хэлсэн байна лээ.

-Та өөрийнхөө гэр бүлийг товч танилцуулбал.
-Би нэг хүү, хоёр охинтой. Тэгээд эхнэр болон хадам ээжтэйгээ хамт амьдардаг. Бусдын адил хүүхдүүдээ эрдэм ном, амьдралд нь хүргэх гэж хичээж явна даа.
-Хотод том оврын авто машин жолоодох хэцүү байх.
-Ер нь хэцүү шүү. Тэр дундаа түгжрэл дунд том машин чинь төвөгтэй. Бусдын машиныг шүргэчих гээд эвгүй байдаг. Ер нь хүний авьяас шаардана. Өдөрт 20 гаруй дэлгүүрээр орж бараагаа хүргэдэг.
"ЭРЧҮҮД ЗОДГООСОО ТАТГАЛЗАЖ ЯВАХ ЧИНЬ БАС ГОЁ ШҮҮ ДЭЭ"
-Ер нь бөх үзэх их сонирхолтой юм шиг байна. Ямар бөх дэмждэг вэ?
-Ер нь бол бөхчүүдийг бол их дэмждэг. Миний хамгийн их дэмждэг бөх бол Улсын харцага Б.Цэдэнсодном. Бөх хүн чинь ер нь их сайхан шүү дээ. Эрчүүд зодгоосоо татгалзаж явах чинь бас гоё шүү дээ. Монгол бөхчүүдээ хайрлаж, хүндэлж явдаг даа.
