Өнөөдөр /2025.12.07/ төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.