Төр огт хөрөнгө оруулаагүй хэрнээ тухайн ордын 50 хувийг нь “үнэгүй авна” гэсэн Б.Баттөмөр, Л.Оюун-Эрдэнэ нарын хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ хэлэлцэнэ

Төр огт хөрөнгө оруулаагүй хэрнээ тухайн ордын 50 хувийг нь “үнэгүй авна” гэсэн Б.Баттөмөр, Л.Оюун-Эрдэнэ нарын хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар 2024 онд "Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулахдаа "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө оруулагч 34-өөс дээш хувийн хувьцаа эзэмшихийг хязгаарлах" тухай заалтыг оруулсан. 

Уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэц өнөөдөр /2025.12.05/ энэ маргааныг хэлэлцэх аж.

-УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН БОЛ 50 ХУВИЙГ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙГЭЭГҮЙ БОЛ 34 ХУВИЙГ ТӨР ҮНЭГҮЙ ЭМШИНЭ ГЭСЭН ЗААЛТ НЬ МОНГОЛЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧГҮЙ БОЛГОЖЭЭ-

Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан өмгөөлөгч, хуульч Б.Баяраа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Үндсэн хуульд заасан “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хууль батлах замаар хувийн өмчийг хурааж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хувийн өмч, чөлөөт эдийн засгийг дэмждэг, ардчилсан эрх зүйт төртэй аль ч улсын хувьд хэн нэгний өмчийг үнэ төлбөргүйгээр төрд хураан авч нийгэмчилдэггүй. Төрөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшсэний хариуд компанийн хувьцааг төр нь үнэ төлбөргүй авч, улмаар хүчээр хамтран бизнес хийх шаардлага тавьдаг улс орон байхгүй" гэж тайлбарласан байна. 

Учир нь 2006 оны өмнөх "Ашигт малтмалын тухай хууль"-д "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийг 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг харин улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол төр 50 хүртэл хувийг эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно" гэж заасан байв. Үүнийг хөрөнгө оруулагчид болон хувийн өмчийн компаниуд ШУДАРГА зарчим хэмээн тодорхойлж байж. Гэтэл Б.Баттөмөр, Л.Оюун-Эрдэнэ нар 2024 онд уг хуулийг өөрчилж, "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг  /шороон овоолго/ хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ, улсын төсвийн оролцоогүйгээр тогтоосон бол 34 хувийг үнэгүй эзэмшинэ" гэсэн болгосон байна. Өөрөөр хэлбэл, тухайн орд бий болоход төрөөс ямар ч хөрөнгө оруулахгүй, эрсдэл хүлээхгүй. Тэгсэн атлаа хууль гаргах замаар хувийн өмчийг боловсон дээрэмдэх байдлаар ажиллана гэсэн үг.