БНСУ-ын “Baby V.O.X” хамтлагийн гишүүн, жүжигчин Юн Ин Хэ Монголын Ерөнхийлөгч асан хэрхэн газар бэлэглэсэн талаар болон уг амлалт нь худал болж, амласан газраа өгөөгүй талаар ярьсан нь олны анхаарлыг татжээ.
Тодруулбал, тэрбээр "MBC" телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Бид хамтлагийнхаа ид үед маш их алдагдалтай ажилласан. Олон луйврын тоглолтуудад оролцсон. Тэдний нэг нь Монгол Улс байсан. Тухайн үед Монголын ерөнхийлөгч биднийг урьсан юм. Улмаар гишүүн бүрт бэлэг болгон 5000 пёнгийн газрын /1.6 га газар/ баримт бичиг болон гэр бэлэглэсэн. Гэвч үнэн байгаагүй. Угаас Монгол Улс тухайн үед гадаад улсын иргэн газар өмчлөхийг хориглодог байсан юм билээ” хэмээн ярьжээ.
Тэгвэл 1997 онд дэбютээ хийж, БНСУ-д од болон гялалзаж байсан Baby V.O.X хамтлаг 2003 онд манай улсад урилгаар ирж байсан бөгөөд манай улсын Ерөнхийлөгч түүнийг хүлээн авах үеэрээ гишүүд тус бүрд нь газар бэлэглэж байсан аж.
Тухайн үед буюу 2003 онд манай улсын Ерөнхийлөгчөөр Н.Багабанди ажиллаж байсан юм. Гэвч манай улс гадаад иргэнд газар өмчлөх, эзэмшихийг хуулиар хориглодог байсан билээ. Тодруулбал, Газрын тухай хуулийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж заасан байдаг бөгөөд манай улс гадаадын иргэнд газар өмчлүүлэхийг хуулиар хориглодог.
Мөн 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар "гадаадын иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна. Түүнийг нэг удаа 40 жилэр сунгаж болно" гэж баталсан. Улмаар 2013 онд энэ хуулинд өөрчлөлт оруулж, гадаадын иргэдэд 60 жилээр газрыг "ашиглуулж, эзэмшүүлж" болно гэж өөрчилсөн. Харин өнгөрсөн жил УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар нар 2013 онд оруулж ирсэн хуулийг өөрчилж, “эзэмшүүлэх”-ийг “ашиглуулах” болгож өөрчлөх талаар санаачилсан ч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс эсрэг ухуулга явуулсаар зогсоосон юм. Ийнхүү гадаад улсын иргэд манай улсад газар өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн эзэмших эрхтэй юм.
Эх сурвалж: Channel A