Улаанбаатарт цас хялмаалах төдий автомашинууд нь мөргөлдөж, иргэд нь халтирч, бэртэж гэмтэх тохиолдол нэмэгддэг. Иргэд халтирч, унаж бэртээд буй асуудлын шалтгаан бол “Гялгар хавтан”. Энэ асуудлыг иргэд хүчтэй шүүмжлээд олон жилийн нүүрийг үзэж буй. Улмаар энэ жил нийслэлээс явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
ВИДЕО:
"БАЙГАЛИЙН ЧУЛУУН ХАВТАН НЬ 40-60 ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ"
Тодруулбал, Энэ онд Их тойруу, Бага тойруу зэрэг 15 байршилд 186.701 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар хучихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 102.710 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, явган хүний замын ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ ажилд нийслэлийн төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан талаар мэдээлсэн.

Тус байгалийн чулуун хавтан нь 40-60 жилийн насжилттай бөгөөд бороо, цасанд халтирдаггүй хэмээн нийслэлийн удирдлагууд тодотгож байлаа. Мөн хуучин чулуун хавтангуудаар гэр хорооллын явган хүний замыг тохижуулж, орон нутагт борлуулж байгаа хэмээн тайлбарласан. Гэтэл тус байгалийн чулуун хавтан нь мөн адил халтирч байгааг иргэд шүүмжилж байна.
Иргэдийн төлөөлөл “Байгалийн чулуун хавтан ялгаагүй халтирч байна. Ялангуяа, цас орсон үед нэмэгдэж байна. Цас орсон даруйд явган хүний замын цэвэрлэгээг сайн хийх шаардлагатай. Муу цэвэрлэснээс дагтаршиж, хөлдөөд улам хэцүү болоод байна” гэлээ.

"ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР ХАЛТИРГАА ГУЛГААНААС ҮҮДЭЛТЭЙ 5.365 ХҮН ГССҮТ-Д ХАНДЖЭЭ"
Энэ оны эхний 11 сарын байдлаар халтиргаа гулгаанаас үүдэлтэй 5.365 хүн ГССҮТ-д ханджээ. Цас орж эхлэхтэй зэрэгцэн энэ тоо огцом нэмэгдсэн талаар ч тус байгууллага тодотгож буй. Угтаа бол НИТХ-ын 2022 оны 21-р тогтоолоор явган хүний замд тавих стандартыг баталсан байдаг. Улмаар ерөнхий шаардлагад явган зорчигчийн аюулгүй, ая тухтай зорчих зорчих орчныг бүрдүүлсэн байх бөгөөд чанартай гадаргуутай байхыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэргэнцэртэй хүн зорчиход хүндрэлтэй байдаг тул байгалийн чулуун хучлагыг сонгохоос татгалзана гэж заажээ. Гэтэл нийслэл энэ тогтоолоо зөрчиж, байгалийн чулуугаар явган хүний зам тавьсны улмаас халтиргаа гулгаа буурсангүй. Уг нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх үндсэн эрхийг нийслэл хангах үүрэгтэй ч наад захын үүргээ биелүүлэхгүй байсаар, халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл гарсаар байна.