Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг шинэчлэн энэ жилээс тогтмолжуулсан. Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Боловсролын хэлтэс, Цагдаагийн газартай хамтран шинэ гишүүдэд батламж, энгэрийн тэмдэг гардуулжээ.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо сурагч хүүхдүүдтэй сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүй, мэргэжил сонголт, өөрийгөө ирээдүйд хэрхэн бэлдэх вэ зэрэг олон сэдвээр нээлттэй ярилцсан юм.

Мөн цагдаагийн алба хаагчид сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах бодисын хэрэглээний нөлөөлөл, хор уршиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Арга хэмжээнд 32 сургуулийн ахлах бүлгийн 27 сургуулийн 200 гаруй ахлагч болон өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд оролцсон бөгөөд тэдний хувьд сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож сайн дурын үйл ажиллагаа явуулах юм.

Ташрамд сайн дурын ажилд хэдий чинээ үр дүнтэй оролцоно тэр хэмжээгээрээ сургуулиа төгсөөд олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгддэг байна. Сурагч хүүхдүүд ч тус үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог нь ажиглагдсан юм. Мөн 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн сургуулийн орчинд төрөл бүрийн үйл ажиллагааг хориглох Боловсролын сайдын тушаал гарсантай холбогдуулан хориглолт эхлэхээс өмнө халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажилласныг зохион байгуулагчид хэлж байв.


