БТСУХ-оос тэмцээн наадамд оролцож байгаа тамирчдадаа зарцуулах ёстой зардлыг нь олгодоггүй, хэлэхээр сөрөгөөр өөр лүү дайрдаг талаар зарим тамирчид өнгөрсөн хугацаанд шүгэл үлээж байсан. Тэгвэл Биеийн тамир спортын улсын хорооны хууль бусаар төсвийн мөнгийг шамшигдуулж, энэ үйлдлийнх нь талаар ам нээсэн ажилчдаа дарамталдаг, халдаг систем хэрэгжээд удаж байгаа талаар уг байгууллагад тэмцээн, наадмын зохион байгуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байсан иргэн М.Гэрэлээ шүгэл үлээлээ. Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Таны хувьд БТСУХ-д хэдэн онд ажиллаж байсан бэ. Яагаад ажлаасаа халагдсан тулаараа ярихгүй юу?
-Биеийн тамир спортын улсын хорооны спортын тэмцээн наадмын тогтолцоо, зохион байгуулалтын хэрэгжилт хариуцсан мэрэгжилтэнгээр 2024 оны нэгдүгээр сард томилогдож байсан. Энэ байгууллагад ажиллаж байхдаа удирдлагууд хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэдгийг анзаарсан. Мөн надад тушаал, шийдвэр, гэрээг хууль бусаар хийхийг удаа дараа шаардсан. Тэр шаардлагыг тухайн үедээ би биелүүлдэггүй байсан л даа. Гэтэл энэ байгууллагад олон жил болсон, бугшсан бүлэглэл маягийн хүмүүс байсан. Энэ байгууллага 72 ажилтны орон тоотой. Улмаар бид нарын гурван хүн хууль бус үйл ажиллагааны талаар дотроосоо шүгэл үлээхэд хууль бусаар халсан. Бид халагдсанаас хойш зүгээр байгаагүй. Энэ хүмүүсийн хууль бус ажиллагааг илчилж, дээд шатны байгууллагад удаа дараа гомдол гаргаад өнөөдрийг хүрч байна. Бид гурав халагдаад гурвуулаа шүүхэд хандсан. Нөгөө хоёр хүн маань эргээд ажилдаа орчихсон. Миний хувьд шүүхийн гурван шатанд ялагдсан. Учир нь БТСУХ-оос ирүүлэх ёстой баримтыг удаа дараа ирүүлээгүйн улмаас ялагдсан юм.
-Энэ хугацаанд дээд байгууллагуудад хандсан уу. Тухайлбал АТГ, салбар яамандаа хандсан уу. Ямар хариу ирсэн бэ?
-Цаг тухай бүрт нь хууль бус үйл ажиллагааны талаар АТГ, Үндэсний аудит, Салбар яаманд удаа дараа гомдлуудыг гаргасан байдаг. Үүний үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сард яамнаас 59 хуудас дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт дээр 8 тэрбум төгрөгийн зөрчил гарсан гэсэн акт тогтоосон. Хууль бус үйлдлийн дагуу 13 алба хаагчид сахилгын арга хэмжээ авахаар заасан. Энэ дүгнэлтийг үндэслээд БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга гэгч нь албан тушаалаас буурсан. Гэхдээ энэ хүн одоо агентлагийн дарга гэх үндсэн өөрийнхөө ажлыг хийгээд явж байгаа. Ингээд Э.Билэгт гэж хүн агентлагийн түр орлон гүйцэтгэгч даргаар томилогсдон. Энэ хүн томилогдоод удаагүй байхад сахилгын арга хэмжээ авхагдсан байдаг. Эдгээр хүмүүст арга хэмжээ тооцчихоод Э.Билэгт гэж хүн буцаагаад цуцалчихсан. Үүний дараа Үндэсний аудитын газраас шалгалт оруулахад 28 тэрбумын зөрчил илэрсэн. Энэ зөрчил дээр санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 28 тэрбум 617 сая төгрөгийн зөрчил нь тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан байна. Тухайлбал, харьяа байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт хангалтгүй байна гэж үзэж байна гэж тогтоосон.

Үүнээс гадна АТГ-т удаа дараа гомдол өгч шалгуулсан. Өгсөн гомдлууд хэрэг бүртгэлт рүү ороод мөрдөн шалгалт хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ дүгнэлтийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас сөрөг дүгнэлт гарсантай холбоотой Засгийн газрын тэмдэглэл гарсан. Энд АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, байгууллагын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар сөрөг дүгнэлт авсантай холбогдуулан албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг ССАЖЗ-ын сайдад үүрэг болгосугай гэсэн. Энэ үүргийн дагуу БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгтэд чиглэл хүргүүлсэн. Энд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс гарсан үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, арга хэмжээний талаар буцаан ирүүлнэ үү гэсэн байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ сөрөг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн албан тушаалтанд арга хэмжээ тооцуулсан зүйл алга. Э.Билэгт өөрөө энэ хүмүүстээ арга хэмжээ тооцож чаддаггүй. Энэ байгууллагад 10 гаруй жил ажиллачихсан хүмүүс хууль бус үйл ажиллагаагаа хамтраад хийсэн байдаг юм уу гэсэн хардлага төрж байна. БТСУХ нь 72 орон тоотой. Өнөөдрийн байдлаар 28 хүн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл бүтэц, орон тоогоо баталж чаддаггүй. Яагаад гэвэл эд нар 72 гэж орон тоогоо гаргуулаад үндсэн ажлаа хийхийн хажуугаар өөр нэг мэргэжилтэнгүй албан тушаалыг давхар хашаад цалин авдаг хууль бус үйл ажиллагаа харагдаад байгаа юм. Энэ зөрчлүүд газар аваад байна. Хэн нэгэн үг хэлээ хүргэхгүй бол энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Тийм болохоор би ажиллаж байх хугацаандаа АТГ, ХЭҮК-т гомдлоо гаргаж эхэлсэн. ХЭҮК-оос ажлын хэсэг ирж ажилласан.

-Хууль бус тушаал, шийдвэр, гэрээг та тухайлаад ярихгүй юу?
-Аль нэг спортын хороодуудад давуу байдал угаас олгогддог. 2024 онд найман спортын тэмцээн наадам зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл оны төгсгөлд Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар төсөв батлагдсан байдаг. Энэ төсвийг миний ажлыг орлож байсан хүн батлуулаад гэрээ хийсэн. Гэтэл энэ төсөв маш хангалтгүй гарсан. Нэг жишээ дурдахад тэмцээн наадам хоёр өдөр л зохион байгуулагдсан байхад зарим газраа найман өдөр, арван өдөр зохион байгуулахаар төсвөө гаргуулсан. Кураш бөхийн холбоонд хүний нөөцийн чадвартай боловсон хүчин байдаггүй. Зөвхөн гэр бүлийн хүмүүс ажилладаг. Энэ хороо 350 сая төгрөгийг гэрээ хийхдээ батлаад, 310 сая төгрөгийг авсан байдаг. Энэ гэрээнд жүдо бөхийн олон улсын шүүгч 30 ажиллана гээд өдрийн 100 мянгаар цалинжуулахаар төлөвлөөд төсөв гаргасан. Мөн тэмцэнд эмнэлгийн баг ажиллана гэсэн. Би хяналтаа тавьж хоёр өдөр болоход ийм баг ажиллагаагүй. Миний тооцоолсноор 100 сая төгрөг ч энд зарцуулаагүй гэдгийг нотлох баримттай нь цуглуулж АТГ-т өгсөн. Шалгалт үргэлжилж байгаа.

Мөн кураш бөхийн өсвөрийн аваргад оролцохын тулд тамирчид нэг сая төгрөгийн хураамж төлөх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Харин насанд хүрэгчдээс 1.5 сая төгрөгийг өгч байж орох шаардлага тавьсан. Үүнд зарим нэг хүмүүс гомдол өгсөн учраас АТГ-т явуулсан.
Мөн өнгөрсөн онд олон улсын хүүхдийн 10 дугаар наадам гэж болсон. Энэ өсвөрийн тамирчид Найрамдал төвд байрлаж байсан. Энэ наадмын төсвийг би өөрөө зохиосон. Гэтэл батлуулсан төсвийг зориулалтын дагуу гаргаагүй нь ил болсон. Олон улсын тэмцээний үеэр тоног төхөөрөмжийн түрээс гээд 19 сая төгрөгийн түрээсийн гэрээ хийсэн. Энэ төсвийг оруулаагүй учраас эргээд харсан чинь хувцас, хэрэглэл түрээсэлснээр тавьсан байсан. Монголын 1 номерын өсвөрийн тамирчид яагаад ч хүний хэрэглэж байсан хуучин хувцас хэрэглэхгүй. Жүдогийн кимоно нэг хүүхдэд 200 мянгаар, чөлөөтийн 28 тамирчин 150 мянгаар, боксын бээлий, ширээний цохиур, байт харвааны сум, хөнгөн атлетекийн цаг түрээсэлсэн. Гэхдээ яагаад худалдаж авч болохгүй байсан юм бэ. Худалдаад авчихвал баахан материаллаг хэрэглэл үлдчих учраас үлдэх зүйл байхгүйгээр бүх мөнгөө завшихын тулд түрээсээр оруулчихаж. Гэтэл түрээсийн нэг ч зүйл байгаагүйг би мэдэж байна. Спортын хувцас хэрэглэл зардаг дэлгүүрүүдэд өсвөрийн тамирчдад таардаг кимоно 110-140 мянгаар зардаг. Гэтэл энэ хүмүүс 200 мянгаар түрээсэлсэн гэдгээр оруулсан байгаа юм. Дараагийн нэг жишээ бол тухайн үед хоолны үйлчилгээ авах маягаар 19 сая төгрөгийн гэрээ хийсэн байдаг. Хүүхдүүд найрамдал зусланд байрлаад хооллоод байж байсан. Гаднаас нэг ч хоолны үйлчилгээ аваагүй. Хүнийг мэдэхгүйгээр нь далмидуулаад ингэж хууль бус зүйлс хийсэн байдаг. Би энэ хүмүүсийг бүгдийг нь АТГ-т өгсөн.

