СУРВАЛЖИЛГА: "226 тэрбумаар Хятадаас хагас коксон түлш авснаар агаарын бохирдол 50 хувиар буурна" гэж амласан ч өмнөх жилийнхтэй ижил байна

СУРВАЛЖИЛГА: "226 тэрбумаар Хятадаас хагас коксон түлш авснаар агаарын бохирдол 50 хувиар буурна" гэж амласан ч өмнөх жилийнхтэй ижил байна

Нийслэлчүүд агаарын бохирдолтой тэмцээд арав гаруй жилийг ардаа үлдээлээ. Жил бүр нийслэлийн удирдлагууд зуухаа сольж, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, нүүрсээ хүртэл хэдэнтэй сольж үзлээ. Гэсэн ч агаарын бохирдол буурсангүй. Харин энэ хугацаанд бид хэдэн их наяд төгрөг салхинд хийсгэж, хэдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирсныг таашгүй.

ВИДЕО:

Тухайлбал, 2011-2014 онд 17.8 тэрбум төгрөг зарцуулж “Хас”, “Өлзий” утаагүй зуух төслийг хэрэгжүүлсэн ч төдийлөн амжилтад хүрсэнгүй. Улмаар 2018 оноос нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Тус түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд үйлдвэр барихаас эхлээд хүний нөөц, цалин, түлшний хөнгөлөлт зэрэг урсгал зардал гээд бид хэдэн төгрөг зарцуулсныг тооцоолоход бэрх.

Харин энэ жил нийслэлчүүд дахин шинэ түлш буюу хагас коксон түлшийг хэрэглэж эхлээд байна. Тус түлшийг БНХАУ-аас авч ирэхэд бид 226 тэрбум төгрөгийг зарцуулж буй. Хотын дарга Х.Нямбаатараас эхлээд удирдлагууд хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна хэмээн ам уралдан ярьсан ч үр дүн гарсангүй.

Учир нь яг нэг жилийн өмнө буюу 2024.11.21-нд Баянгол дүүргийн 20-р хороо, Цахилгаан станц орчим, Баянхошуу, Нэгдүгээр хороололд агаарын чанарын индекс 480-500 буюу “Маш их бохирдолтой” гарч байжээ. Цаашлаад агаарын чанарын индекс нийслэлийн бусад хэсгүүдэд 200-300 хооронд буюу “Бохирдолтой” хэмээх үзүүлэлттэй байлаа. ЭНД ДАРЖ уншина уу.

Харин өнгөрсөн мягмар гараг буюу 2025.11.25-ны байдлаар нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсгүүдэд буюу Баянхошуу, Шархад тооцогдож байлаа. Тус хэсгүүдэд агаарын чанарын индекс 400-450 буюу “Маш их бохирдолтой” гэж гарч байсан бол. Нийслэлийн бусад хэсгүүдэд 150-200 орчим буюу “Бохирдолтой” хэмээх үзүүлэлттэй байна.

Дээрх тоо мэдээллүүдээс харахад нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурна гэх хотын дарга нарын амлалт цаасан дээр л хэрэгжсэн бололтой. Гэхдээ энэ арван нэгдүгээр сарын агаарын бохирдлын үзүүлэлт бол зөвхөн эхлэл. Хамгийн хүйтэн нийслэлтэй улсын тоонд ордог Улаанбаатар хотын хувьд идэр есний хүйтэнд агаарын бохирдол ямар түвшинд хүрдгийг хэн бүхэн мэднэ.

"ЭНЭ ӨВӨЛ ҮМХИЙ ҮНЭР НЭМЭГДСЭН"

Иргэдийн төлөөлөл “Гадаа харьцангуй дулаахан байгаа ч галлагаа эхэлсэн учир маш их утаатай болж байна. Хагас коксон түлш өмнөх түлшийг бодвол хог арай бага гардаг байж магадгүй. Гэхдээ үнэрийн хувьдд хавьгүй муухай. Энэ өвөл "Үмхий" үнэр нэмэгдлээ. Агаарын бохирдол орой, өглөөний галлагааны улиралд аймар их байгаа” гэлээ.

Манай улс хамгийн их агаарын бохирдолтой улсын жагсаалтад дэлхийн 114 улсаас 34 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ бол ДЭМБ-аас гаргасан судалгаа. Мөн PM2.5 тоосонцроос үүдэлтэй орчны агаарын бохирдол нь дэлхий даяар жил бүр дөрвөн сая хүн цаг бусаар нас барах шалтгаан болж байгааг цохон тэмдэглэсэн билээ. Харин манай улсын иргэдийн өвчлөл, нас баралтын шалтгаан агаарын бохирдол болоод байгааг эмч мэргэжилтнүүдээс эхлээд хэн бүхэн хэлж буй. Тэгвэл нийслэлчүүд дахин нэг өвөл эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хязгаарлуулах нь. Эргэн сануулахад,Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 онд Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн билээ.