Өнөөдөр /2025.11.23/ төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарын 24-нд говь, тал хээрийн нутгаар 25-27-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15…-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.