Улаанбаатарт оройдоо ялимгүй цас орж, 2 градус хүйтэн байна

Улаанбаатарт оройдоо ялимгүй цас орж, 2 градус хүйтэн байна

Өнөөдөр Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар цасан шуурга шуурна. Маргааш буюу энэ сарын 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0...-2 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.