Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд болох МАН-ын Их хурлын дараа УИХ-ын дарга тодорч, Засгийн газрын зарим гишүүд ч огцрох төлөвтэй байна. Мөн УИХ дахь АН-ын бүлэг ч бүлгийн даргаа МАН-ын Их хурлын дараа өөрчилж, шинээр тодруулахаар болсон байна.
-"НӨӨЦ"-НД Н.УЧРАЛЫГ БЭЛДЭЖ БАЙНА-
Тэгвэл МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөхөөр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. Харин улс төрийн нөхцөл байдал, МАН-ын дотоод зөрчил, тэмцэл эцэслэгдээгүй байгаа тул “нөөц”-нд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг сойж, тэрээр ч “хувийн бэлтгэл”-ээ хангаж эхэлжээ. Нөгөөтэй Ерөнхий сайд Г.Занданшатарын хэтийн амбиц МУ-ын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН-аас нэр дэвших.
Иймд удахгүй болох МАН-ын Их хурлаар тус намын дарга болсон тохиолдолд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалаа Н.Учралд “залгамжлуулах” тохироотой байгаа гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнд яригдаж байна.
Тэгвэл МАН-ын Их хурлын дараа тодрох УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан нарын нэг нь томилогдож магадгүй байна. Харин Д.Амарбаясгалангийн 30 бүлгийн гишүүд “УИХ-ын даргаа манай талд өгчих”, тэгээд “эвлэрье” гэсэн саналыг тавьсан ч уг саналыг Г.Занданшатарын 38 бүлэг хүлээж авахгүй байгаа аж. Иймээс МАН-ын дотоод зөрчил үргэлжилсэн хэвээр, харин Д.Амарбаясгалангийн 30 бүлгийн гишүүдийн багагүй хэсэг нь Г.Занданшатарын талд очиж, “гоожсон” аж.
Мөн МАН-ын Их хурлын дараа Засгийн газрын зарим сайд нарыг томилж, чөлөөлөх төлөвтэй байна. Тухайлбал, Эрүүл мэндийг сайд Ж.Чинбүрэн, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, мөн Шадар сайдаар Л.Энх-Амгаланг томилж магадгүй талаар яригдаж байна.
Харин төрийн байгууллагууд болон төрийн өмчит компанийн удирдлагуудыг МАН-ын Их хурлыг үл хайхран сольж эхэлсэн бөгөөд энэхүү халаа сэлгээг шинэ жилийн баяраас урьдаж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед томилогдсон бүх төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн дарга нарыг солихоор төлөвлөсөн байна. Энэхүү халаа, сэлгээг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн нарыг чөлөөлснөөр эхлүүлжээ.
-УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН “МУУ”-АА ТАНИУЛАХ БОЛЖЭЭ-
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар тус намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр ч ажилласан хэвээр байгаа. Түүнийг АН-ын дарга болсон даруйд УИХ дахь АН-ын бүлгийн даргад Ц.Баатархүү, Ж.Батсуурь нарын гишүүд өрсөлдөнө гэж яригдаж эхэлсэн ч удалгүй намжсан. Тэгвэл АН-ын бүлгийн даргыг МАН-ын Их хурлын дараа буюу ирэх 12 дугаар сарыг дөхүүлээд тодруулъя хэмээн тэд дотроо ярилцаж, тохирчээ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг огцруулах” асуудал дээр гурван хэсэг болон хуваагдаад байгаа аж. Тодруулбал, “Х.Булгантуяа огцрох ёстой” гэсэн хатуу байр суурьтай хэсэг гишүүд байгаа бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан Ц.Туваан, О.Алтангэрэл болон Б.Жаргалан нарын гишүүд “Х.Булгантуяаг огцруулахгүй” гэсэн байр суурийг илэрхийлэх болжээ. Харин гурав дахь “яахаа мэдэхгүй байгаа хэсэг” болон хуваагджээ.
Сонирхолтой нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Б.Жаргалан “гарын үсэг зурахгүй” гэж байгаад дараа нь зурсан гэдэг. Харин сураг сонсогдох нь ээ, Д.Амарбаясгалан түүнд “Байгаль орчны сайдын албан тушаалыг амласан” байж магадгүй байсан гэдэг. Харин энэ удаа Б.Жаргалан ямар нэг амлалтад орсон байж магадгүй юм.
Б.Жаргалан болон “Фортуна” хочит Н.Батбаярын охин, АН-ын жагсаалтаар парламентын гишүүн болсон нэгэн. Түүнийг гишүүн болоход С.Одонтуяа дэмжиж их нөлөө үзүүлсэн гэдэг.
Тэгвэл Д.Амарбаясгалан нар “Х.Булгантуяагаа л хөлдөө чирлээ” гэж нэг бус удаа хүмүүст ярьжээ. Товчхондоо, тэд Үндсэн хуулийг зөрчсөн гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байгаа бололтой. Иймд Д.Амарбаясгалангийн 30 бүлэг Х.Булгантуяагаа авч үлдэхийн тулд "Улсын 2026 оны төсөв"-өөр шантайж хийн, төсвийн хэлэлцүүлгийг орхин гарч, АН-ын бүлэг Засгийн газрын 1.1 их наядын лоббинд орсон зэрэг зүйлийг ярих болсон байна. Энэ бүхний цаана Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээр нь үлдээх, улмаар Тагнуулын байгууллагын шалгаж буй түүнд холбогдох хэргийг ч саармагжуулах гэж байж магадгүй юм. Харин Г.Занданшатарын 38 бүлэг "Х.Булгантуяаг огцруулах асуудлыг нээлттэй орхиж", огцруулах санал орж ирвэл дэмжихэд бэлэн байгаа ажээ.