“УИХ-ын гишүүнийг 4 жил шалгаж болохгүй” гэх С.Ганбаатарын саналыг дэмжих эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы хуралдаан руу шилжүүллээ

“УИХ-ын гишүүнийг 4 жил шалгаж болохгүй” гэх С.Ганбаатарын саналыг дэмжих эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы хуралдаан руу шилжүүллээ

УИХ-ын чуулганы  пүрэв гарагийн /2025.10.30/ хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын боловсруулсан "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах санал"-ыг хэлэлцэж байна. Тодруулбал, тэрбээр "УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэдгээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг боловсруулж, өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15, 16-ны өдрийн хурлаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн байдаг. 

-Б.ПҮРЭВДОРЖ: ХЭРЭГ ХИЙЧХЭЭД УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ЦААНА НУУГДАХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА-

Үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлгээс "Уг асуудлыг сайтар нягтлах шаардлагатай" хэмээн ажлын гурав хоногийн завсарлага авсан. Улмаар уг саналыг даваа гарагийн бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх явцад парламентын ардчиллалд хортой гэж үзээд С.Ганбаатарыг саналаа эргүүлэн татахыг хүссэн гэдэг. АН-ын бүлгийн завсарлага өнөөдөр дуусч, чуулганы хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж " С.Ганбаатар гишүүн УИХ-ын гишүүн албан үүргээ гүйцэтгэж байх үед гэмт хэргийг түдгэлзүүлэх агуулга бүхий саналыг оруулж ирсэн. Би та нарт нэг зүйлийг хэлж танилцуулъя. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4.4-т тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол мөн түүнчлэн 34.17.4-т Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн цагдаа, хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэргээр шалгагдаж, прокурор, шүүхээр хянагдах явцад Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэвэл бүгдийг зогсооно. УИХ-ын гишүүнээсээ буух хүртэл тэр хэргийг зогсоох нь. Дахиад 4-5 удаа гишүүнээр сонгогдвол тэр хэрэг дахиад хэдэн жилээр ч хойшлогдох магадлалтай  байна, аль ч шатанд. Хэрэг хийчхээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана нуугдах нөхцөл байдлыг бий болгох гэж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд тухайн асуудлыг хэдэн жилээр хойшлуулж буй тохиолдол байгаа. Энэ бол ард иргэдийн дургүйцлийг асар ихээр хүргэж, парламентын нэр хүндийг унагах асуудал болно шүү" хэмээн шүүмжилсэн юм. 

Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулах болоход УИХ-ын гишүүд танхимд эзгүй байсан учир санал хураалтыг баасан гарагийн /2025.10.31/ чуулганы хуралдаан руу шилжүүллээ. 

ВИДЕО: