Д.Амарбаясгалан “авлигын хэрэг”-т холбогдсон тул 30 хоногийн дотор МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзэх хүсэлтээ гаргах дүрэмтэй

Д.Амарбаясгалан “авлигын хэрэг”-т холбогдсон тул 30 хоногийн дотор МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзэх хүсэлтээ гаргах дүрэмтэй

Өнгөрөгч Баасан гараг /2025.10.24/-т УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон даруйдаа, “УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ” гэж өөрийн Х хуудастаа мэдэгдсэн.

 -МАН-ЫН ДҮРМЭЭР Д.АМАРБАЯСГАЛАН 30 ХОНОГИЙН ДОТОР НАМЫН ГИШҮҮНЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАХ ЁСТОЙ-

Харин энэ долоо хоногийн Даваа гараг /2025.10.27/-т Нийслэлийн прокурорын газраас "АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналтай ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад өнгөрөгч долоо хоногт мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзээд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн" гэж мэдэгдсэн юм. 

ВИДЕО: 

Товчхондоо, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан авлигын хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан гэсэн үг юм. Зарим албан бус эх сурвалжууд “түүнийг өнгөрөгч долоо хоногийн Мягмар гараг /2025.10.21/-т яллагдагчаар татагдсан” гэсэн мэдээллийг өгч байгаа юм. 

Тэгвэл МАН-ын дүрмийн 4.3-д "Намын гишүүн нь дараах тохиолдолд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана"

Үүнд;

  • 4.3.1. илтэд ёс зүйн зөрчил гаргасан;
  • 4.3.2. ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан;
  • 4.3.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон" гэж заасан байна. 

Тэгвэл МАН-ын дүрмээр Д.Амарбаясгалан “30 хоногийн дотор багтаан намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ гаргах” ёстой ажээ. Харин Д.Амарбаясгалан өөрийгөө “МАН-ын дарга” хэмээн зарлах болсон. Тухайлбал, тэрээр өчигдөр /2025.10.28/ өөрийн Х хуудастаа нийтэлсэн эмгэнэлийн зурвастаа өөрийгөө “МАН-ын дарга” хэмээн төгсгөсөн байгаа юм. Харин МАН-ын дүрмээр тэрээр МАН-ын дарга битгий хэл 30 хоногийн дотор багтаан намын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ гаргах ёстой аж. 

-Д.АМАРБАЯСГАЛАНГ “ТООЦОХГҮЙ”-ЭЭР МАН-ЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ДАХИН ЯВУУЛНА-

МАН-ын Их Хурлыг ирэх сарын 15, 16 /2025.11.15, 16/-ны өдөр хийхээр товлоод байгаа. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа "Манай намын дүрмээр намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болдог. МАН-ын даргыг болон Бага хурал, Хяналтын хорооны гишүүдийг Их хурлаас сонгодог. Энэ дагуу сонгуулийг явуулна" гэж хэлсэн юм. 

ВИДЕО: 

Түүний хэлснээс үзвэл, "МАН-ын даргаар сонгогдсон" гэж зарласан Д.Амарбаясгаланг тооцохгүйгээр дахин сонгууль явуулах нь тодорхой болж байна. Харин МАН-ын дүрмээр “авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон”Д.Амарбаясгалан намын даргын өрсөлдөөнд дахин нэрээ дэвшүүлэх боломжгүй байдал харагдаж байгаа юм. Тэгвэл МАН-ын даргад Г.Занданшатар болон Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар өрсөлдөж магадгүй байна. 

Сануулахад,  МАН-ын Бага хурал өнгөрөгч есдүгээр сарын 27, 28-ны өдрийг /2025.09.27-28/ дамнан хуралдаж, маш олон тодорхойгүй маргаан дунд Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонгогдсон хэмээн нийтэд зарласан. Эцэстээ энэ нь төрийн хямрал, цаашлаад Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөд хүргэсэн билээ. Түүнийг сонгосон хурлын үйл явцын талаарх өмнөх бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө