С.Цэнгүүн: Ирэх оны улсын төсвийн төсөлд зарчмын зөрүүтэй 22 хөтөлбөрөөс 1.2 их наяд төгрөг танах боломж байна

С.Цэнгүүн: Ирэх оны улсын төсвийн төсөлд зарчмын зөрүүтэй 22 хөтөлбөрөөс 1.2 их наяд төгрөг танах боломж байна

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний улс төрд орсон шалтгаан бол улс төрчдийн хэлэхээс айж, эмээдэг чухал асуудлыг хэлж, хөндөх байсан. Тэр ч утгаараа өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон зүйлд шүгэл үлээж ажилласан гэж өөрийгөө боддог. Өчигдөр ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир сэтгүүлчдэд ярилцлага өгсөн. Энэ үеэрээ багш болон эмч нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгийг хасахаас өөр араггүйд хүрсэн талаар хэллээ. Хоёр долоо хоногийн өмнө миний бие Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр бэлэн хүүхдийн мөнгө нэрийдлээр бэлэн мөнгө иргэдийн дансанд шилжүүлэх нь буруу гэдгийг хэлсэн. Энэ бодлого анх 2020 оны 6 сард Засгийн газрын тогтоолоор хүүхдийн 30 мянган төгрөгийг 70 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ бол цар тахалтай холбоотой гаргасан шийдвэр. Ингээд ЗГ-аас 6 сарын хугацаатайгаар 547 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн үр дүнд 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 76 суудлаас 62 суудалтай болсон. Ингээд 2024 онд МАН “Эрдэнэс Тавантолгой” хувьцаанаас иргэн бүрд 350 мянган төгрөг тараасан. Үүний үр дүнд 1.1 их наяд бэлэн мөнгийг иргэдийн дансанд тараасан. Дахиад 2024 оны дөрөвдүгээр сард Шинэ хоршоо хөтөлбөрөөр төрийн албан хаагчдыг хөдөө орон нутагт дайчлан ажиллуулахын зэрэгцээ 842 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тэр зээлийн эргэн төлөлт бараг л байхгүй. Үүний үр дүнд 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН дахиад олонх болж чадсан. Яагаад бэлэн мөнгө тараах хөтөлбөрүүд яагаад сонгуулийн өмнө гарч ирээд байна вэ гэдгийг иргэд, олон нийт бодох ёстой. Үр дүнд нь юу болж байна гэдгийг харах хэрэгтэй байна. Өнөөдөр багш, эмч нар үнэхээр боломжгүй болоод ажил хаялт зарлаж байгаа байх. Асуудлыг энэ хүртэл хүндрүүлэх хэрэг байсан уу. Хэд хоногийн дунд олон нийтийн дунд иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнөлөө. Хүүхдийн мөнгийг хаслаа гээд улсын төсөвт үр өгөөжгүй зардлууд байсаар л байна. Иймд үр өгөөжгүй төслүүдээ хасаж, танах ёстой гэх байр суурийг иргэд хэлж байна. Иймд, Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо болон бусад байнгын хороодод Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нарын гурван гишүүн 1,2 их наяд төгрөгийг хасах зарчмын зөрүүтэй санал тавьсан. 1,2 их наяд буюу 22 төслүүд нь хөнгөлөлттэй зээл, татаас, шаардлагагүй хөрөнгө оруулалтууд байгаа. Хүүхдийн мөнгө бол 1,5 их наяд төгрөг улсын төсөвт суусан байдаг. Тэгвэл эдгээр шаардлагагүй төсөл хөтөлбөрүүд бол хүүхдийн мөнгөтэй дүйцэхүйц гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногийн байнгын хороодын хуралдаануудад энэ санал унасан. 1.2 их наядын 600 тэрбум нь “Шинэ хоршоо” хөтөлбөр байгаа. МАН-д итгэл алдарч байна. Өнгөрсөн онд 24 суманд Соёлын төв барихаар 100 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Иргэд энэ асуудлыг шүүмжилж унагааж байсан. Тиймээс иргэдийн дуу хоолой, шахалт чухал гэдгийг тодотгоё. Иймд 1.5 их наяд төгрөг танах шаардлагыг иргэд, сонгогчид та бүхэн тойргийн болон жагсаалтын гишүүдээс шаардаж өгнө үү. Хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүйгээр бид улсын төсвийг танах маш их орон зай байна” гэлээ.