Х.Булгантуяаг УИХ-н гишүүнээс нь эргүүлэн татах УИХ-ын тогтоолын төслийг АН-ын бүлгээр өргөн бариулахаар болжээ

Х.Булгантуяаг УИХ-н гишүүнээс нь эргүүлэн татах УИХ-ын тогтоолын төслийг АН-ын бүлгээр өргөн бариулахаар болжээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулахдаа Үндсэн хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 22-ны өдөр /2025.10.22/ гаргасан. Мөн тус чуулганы хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийн дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ 7 ХОНОГТ ХҮЛЭЭЖ АВАХ ЁСТОЙ Ч ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТАД ОРУУЛААГҮЙ БАЙНА-

Энэ дагуу УИХ-ын 95 дугаар тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд одоо УИХ хүлээж аваад л болох юм. Хуульд зааснаар УИХ долоо хоногийн дотор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. 

Тиймээс энэ долоо хоногт багтаан УИХ-аар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн ням гарагт цахимаар хуралдахдаа хэлэлцэх асуудлын жагсаалтад тус асуудлыг оруулаагүй байна.

УИХ-ын даргаас Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн учир одоо УИХ-ын үйл ажиллагааг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдах ёстой бөгөөд тэрбээр Төрийн ордонд харагдахгүй нам, гүм байна. Гэхдээ түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ удахгүй хэлэлцэх тухай мэдээлэл байна.

Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахын тулд УИХ-ын тогтоолыг боловсруулах аж. Өчигдөр Төрийн ордны зүүн жигүүрт хэсэг бүлэг олон уулзалт болсон бөгөөд нэг уулзалтаас нь тус тогтоолын төслийг АН-ын бүлгийн гишүүдээр өргөн бариулахад тохирсон байх магадлалтай байна.  

-Б.ПҮРЭВДОРЖ: АН-ЫН БҮЛГИЙН ОЛОН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯАГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЁСТОЙ ГЭСЭН ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА-

УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирвэл байнгын хороо, чуулганы хуралдаанаар санал хурааж шийдэх юм. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Үндсэн хууль зөрчөөд ямар ч хариуцлага хүлээхгүй байж болохгүй. Тиймээс заавал УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэсэн хатуу байр суурийг манай бүлгийн олон гишүүн илэрхийлсэн" гэсэн юм. Тиймээс АН-ын бүлэг тус асуудлыг эхэлж хөндөх нь. Түүнээс гадна өөрөө мөн гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтийг өгч магадгүй  тухай мэдээлэл улс төрийн хүрээнд байна. Үндсэн хууль зөрчсөн хүн нь хариуцлага хүлээхгүй бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр "зөвхөн Засгийн газрыг хамгаалж үлдээх зорилготой байсан" гэдэг нь тодорхой болно. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн буруутай этгээдэд заавал хариуцлага хүлээлгэх ёстой. 

УИХ-ын тухай хуулийн 9.1.4.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 9.3.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна. УИХ-ын гишүүний тангарагт: Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна гэж хэлдэг.  Үүнээс үзвэл Х.Булгантуяа нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой дээрх хоёр заалтыг хоёуланг нь зөрчсөн байгаа юм. Түүнээс гадна иргэн О.Отгонтөгс Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Уг гомдолд, "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн" гэсэн байдаг. Тэгэхээр түүнийг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн 12-15 жил хорих зүйл ангитай хэргээр шалгаж болзошгүй байгаа юм.