Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн тул парламентын тогтоол хүчингүй болж, Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлээд байна. Тэгвэл эндээс Засгийн газрыг огцруулах гэж байсан сайд болон нүүрсчидтэй тэмцэнэ гэж амласан ЗГ “нүүрсчин сайд”-аа хэрхэх вэ гэсэн асуудал анхаарал татаж байгаа юм.
-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ДЭМЖСЭН С.АМАРСАЙХАН БОЛОН БОЛОН “НҮҮРСЧИН” САЙДАА ХЭРХЭХ ВЭ-
Тодруулбал, С.Амарсайхан Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан бөгөөд санал өгөхдөө ч Засгийн газрыг огцруулах агуулгыг дэмжсэн санал өгсөн юм. Тэгвэл түүнийг хэрхэх вэ, эсвэл өөрөө огцрох саналаа гаргах уу гэсэн асуудал анхаарал татаж байна. Мөн “Нүүрсчидтэй тэмцэнэ” гэж гарч ирсэн Засгийн газар ашиг сонирхлыг зорчилтэй байж болзошгүй нүүрсчин сайдаа хэрхэх вэ.
Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар Нүүрсчдийн эсрэг тууштай тэмцэнэ хэмээн амлаад буй. Үүний тулд Хууль зүй дотоод хэргийн сайдаар өмнө нь Нүүрсний сонсгол зохион байгуулж байсан Б.Энхбаярыг томилсон. Гэтэл Засгийн газар дотор байгаа нүүрсчин сайд Б.Дэлгэрсайханыг хэрхэн вэ. Б.Дэлгэрсайхан нь Дорноговь аймагт өөрийн гэсэн “вант улс”-ыг босгосон нэгэн гэдгийг хүн бүр мэднэ. Түүний хувьд хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ “Монтай-Эрдэнэ” ХХК-аас өөр компанид хувь эзэмшдэггүй гэж мэдүүлсэн байгаа ч анх гишүүн боохдоо “Дорнын говь” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Их говийн Шанд” ХХК, “Их Дэлгэрэх хэт” ХХК, “Ди Эс Эн Кей” ХХК, “Монтаймайнз” ХХК, “Миллениум Саксэс” ХХК, “Дорнын төмөр зам” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлж байжээ.
-ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРДТОЙ, ХУВИЙН ТӨМӨР ЗАМААРАА НҮҮРС ТЭЭВЭРЛЭДЭГ ЗАМ ТЭЭВРИЙН САЙДТАЙ-
Түүнчлэн Б.Дэлгэрсайхан сайдын ах Б.Ганхуягийн хүү Г.Гантулга нь “Монголиан транс лайн” компанийн эцсийн өмчлөгч. Тус компани Ханги-Мандалын чиглэлийн 226 км төмөр замыг өөрийнхөө хөрөнгөөр барьсан. Мөн Б.Дэлгэрсайхан сайд хувьдаа хамгийн олон вагонтой гишүүн гэгддэг. Тэрбээр хэлэхдээ “УБТЗ вагонгүй байхад би 3000 вагон оруулж ирж эдийн засагтаа том хувь нэмэр болсон. Би хувийнхаа ачааг энэ вагоноор зөөдөггүй шүү” гэж ярьсан байдаг.
Үүгээр зогсохгүй Б.Дэлгэрсайхан сайдыг төмрийн хүдрийн ордтой гэдгийг хүн бүр мэднэ.
Түүний хамаарал бүхий Монголиан транс лайн, Монголиан транс ложистик ХХК Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох салбар төмөр замын арчлалт, хамгаалалтыг мөн хийж байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Б.Дэлгэрсайханыг хоёр ч удаа сайд болгож, 226 км төмөр замын концесс “бэлэглэсэн” гэх яриа бий. Мөн Б.Дэлгэрсайхан "Тавантолгой-Гашуунсухайт"-ын төмөр замыг ЗТЯ-ны эзэмшилд авах гэсэн санаархсан талаар ч бид мэдээлж байлаа. Уг мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй сайдаа Ерөнхий сайд Г.Занданшатар хэрхэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.