МАН-ын ахмад зүтгэлтнүүд, залуучуудаас МАН-ын Удирдах зөвлөлд "Онц их хурал”-ыг хуралдуулах тухай шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ.
Энэ үеэр, “Зардал их шаардагдах Их хурлыг хуралдуулахыг түр хойшлуулж, Онц их хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг тавьж байгаа юм. Тодруулбал, МАН-ын 6, 8 дугаар хурлын алдаа, зөрчилтэй шийдвэрүүдээс үүдэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын дунд үүссэн намын даргын албан тушаалын хэрүүл, маргаан намын хүрээнээс гарч, УИХ-ын гишүүн, намын сонгуульт албан тушаалтнуудыг талцуулж, гутамшигт байдалд орууллаа. ҮАБЗ-ийн гишүүдийн энэхүү хэрүүл, маргаан зөвхөн намын даргын албан тушаалын маргаан биш. Энэ нь нэгдүгээрт, Их хурал, Засгийн газар, нам төрийн удирдлагын ёс суртахуун алдагдаж, хууль зөрчих, байгалийн баялаг, газар нутаг, төрийн өмчийг эзэнгүйдүүлэн хувьдаа завших, авлига, хээл хахуулийн бүлэглэл газар авсны илрэл гэж үзэж байна. Энэ нь Бага хурлын шийдвэр, Засгийн газрын огцруулсан УИХ-ын чуулганы хуралдаан, гишүүд талцан хуваагдаж Үндсэн хууль зөрчсөнөөс харагдаж байна. Мөн бага хурлын үеэр хоёр нэр дэвшигчийн нэгийг нь хасаж байгаад санал хураасан нь ноцтой алдаа болж, зөрчил маргааныг хурцадуулж, улс төрийн хэрүүл болон МАН-ын нэр хүндийг унагалаа. Ийнхүү эх орон ард түмэн, түүхэн соёл, ад түмнээ хайрлах сэтгэлгүй, ёс зүйгүй зарим гишүүд төрийн өндөр албан тушаалтнууд гадна дотныхонтой зөвшилцөж, зүй бусаар хөрөнгөжсөн шударга бус хүмүүсийн бүлэглэл нь Үндсэн хуулийг зөрчиж, Засгийн эрхийг хууль бусаар авахыг завдсан ноцтой байдалд хүргэлээ. Энэ байдлыг үндэслэн МАН-ын ЕНБД, намын дэргэдэх ахмадын холбоо, Социал демократ залуучуудын холбооны Ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн холбооны удирдалгууудад дараах шаардлагыг хүргүүлж байна.
- Бүлэглэл талцал үүсгэсэн МАН 8-р бага хурал, Үндсэн хуулийг зөрчсөн УИХ-ын зарим гишүүдийн үйл ажиллагааг дүгнэж, намын Онц их хурлыг яаралтай зарлахыг шаардаж байна.
- Намын 31 дүгээр их хурлыг хойшлуулж, Онц их хурлын дараа хуралдуулах шийдвэр гаргах
- Онц их хурлыг хуралдуулах тусгай комисс байгуулан ажиллуулж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцүүлж, цаашдын бодлогоо тодорхойлох шаардлагатай байна
- МАН-ын ахмад зүтгэлтнүүд намаа шинэчлэх залуучуудын "Хамтын хүч" жигүүрийн энэхүү шаардлагыг дэмжихийг намынхаа нийт гишүүдэд уриалж байна" гэлээ.