Шатахууны хомсдол үүсч иргэд олон цагаар дугаарлаж 30-50 мянган төгрөгт л шатахуун авч байгаа. Тэгвэл салбарын сайд Г.Дамдинням нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ.
Тэрээр “Ийм нөхцөл байдал анх удаа тохиолдож байгаа юм биш. Жил бүхэн үүсдэг. Манай улс 35 жилийн хугацаанд нэг ч удаа агуулах барьж байгаагүй, төсөв гаргаж байгаагүй юм байна. Мөн нөөц бүрдүүлж байгаагүй юм байна. Мөн орж ирж байгаа бүтээгдэхүүнийхээ хяналт тавьдаг системгүй байсан байна. Өмнө нь яагаад энэ бүхнийг хийдэггүй байсныг би мэдэхгүй байна. Харин одоо хийе гэсэн зорилготой ажиллаж байна.Энэ удаагийн шатахууны асуудал зөвхөн АИ92 дээр үүссэн. Манай улсын өдрийн дундаж хэрэглээ 2300 орчим тонн байна.
Үүний 1200 орчим нь Улаанбаатар хотод хэрэглэдэг. Сүүлийн 10 хоногт манай улсын авч байгаа хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнийг гаалийн хяналтаас харж болно. Нөхцөл байдал өнөөдрөөс намжина. Өнөөдөр 54 вагон бууж байна. Нэг вагон 60 тонн байдаг. Мөн БНХАУ-аас 5000 тонн авсан. 14000 тонныг нэмж захиалсан. Гурав дахь өдөр Улаанбаатарт орж ирнэ. Мөн өдөрт 2-3 удаа шатахуун авч, дамлан зарж байгаа иргэд байна. Машиныхаа ард 25 литрийн саванд хийгээд шагаар зарж байна. Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн хүнийг тогтоож шалгаж байна.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлээс шалтгаалж ШТС-ийн түгээлтийг шөнийн цагаар хийдэг байна. Нөхцөл байдлаас шалтгаалж 14:00 цаг орчимд ШТС-уудын АИ92 дуусаж байгаа учраас ШТС-уудын хангалтыг өдрийн цагаар хийх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад өгсөн" гэжээ.