УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг мөнгө угаасан хэргээр, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг нүүрсний хэргээр, цаашлаад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан хэргээр шалгаж байж болзошгүй энэ цаг үед "хуулийн маш ноцтой санал"-ыг боловсруулcан байна.
Үүний зохиогч нь АТГ-т шалгагдаж буй С.Ганбаатар гишүүн. Тэрбээр "УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэдгээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг боловсруулж, өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15, 16-ны өдрийн хурлаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжжээ.
-ПРОКУРОРООС УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ УИХ-Д ОРУУЛЖ ИРДЭГ НЬ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА ГЭЖЭЭ -
С.Ганбаатарын нь УИХ-ын тухай хуулийн 45.2.2-т заасан "Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан", 45.2.3-т заасан "Гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 29.2 дэхь хэсгийн "УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиараа хамгаална" гэснийг мөн зүйлийн 3 дахь хэсгийн "УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эргүүлэн татах үндэслэл болно" гэснийг тус тус зөрчиж байна гэж үзжээ. Энэ бол парламентын гишүүний бүрэн эрхээр далимдуулж "өөрийгөө болон бусад УИХ-ын гишүүд"-ийг хуулийн байгууллагаар шалгуулахгүй гэсэн түүний сонирхол юм.
-Д.ГАНБАТ: БИД НАР БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗААД ШАЛГУУЛАХ ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ЭНЭ САНАЛАА ТАТАХГҮЙ БОЛ ПАРЛАМЕНТЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА-
Тийм ч учраас уг саналыг өнгөрсөн баасан гараг /2025.10.24/-т УИХ-аар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат нар хатуу эсэргүүцэж, "Хулгай авлига зэргээс болж парламентын нэр хүнд сайнгүй байна. Парламентад дархлагдсан хулгайч нар ороод ирвэл нэр хүнд нь илүү унаж, ардчилалд итгэх итгэл үгүй болно. Иймээс хамгийн нэр цэвэр, ёс зүйтэй, шилдэг хүмүүс парламентад ажиллах ёстой. Бид нар шалгуулах ёстой. Дархан эрх бол иргэдийн төлөө зүтгэх, үг хэлэхэд байх ёстой болохоос гэмт хэргээ далдлах зорилготой байх ёсгүй.Ганбаатар гишүүн шалгуулж байгаа юм бол ашиг сонирхлын зөрчилтэй байна. Энэ парламентыг муухай харагдуулаад байна. Бүрэн эрхээсээ татгалзаад ёс зүйтэйгээ харуулаад шалгуулах ёстой. Сонгосон тогтолцоондоо итгээд хууль шүүхийн байгууллагаараа шалгуулах ёстой" гэж хэлсэн юм.
Үргэлжлүүлээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүнийг 4 жилийн хугацаанд шалгуулахгүй гэж байгаа бололтой. Тиймээс нухацтай хэлэлцэнэ. Даваа гарагт АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэх саналтай байгаа учир гурав хоногийн завсарлага авъя" гээд авсан юм.
Мөн Олон улсад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хамгаалсан энэ төрлийн хууль байдаг ч эрх зүйт төр, парламент төлөвшсөн оронд ийм жишээ байхгүй, эсрэгээрээ одоо манайд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль үйлчилдэг гэдгийг С.Эрдэнэболд нарын гишүүд хэлж байв.
-Б.ЭНХБАЯР: УИХ ХУЛГАЙЧ НАРЫН ОРОГНОДОГ ГАЗАР БИШ-
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Сая болж өнгөрсөн асуудлууд бол эрх барьж байгаа намын даргаар дамжуулж, гүйцэтгэх засаглалын оройд сууж, улмаар хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх эрхийн төлөөх тулаан байсан. Зүгээр нэг кнопны асуудал байгаагүй. Энд оролцсон олон хүн нүүрсний жинхэнэ хулгайчтай олон зүйлээр ашиг сонирхол нэгтэй гэдэг нь улам тодроод байна. Энэ асуудлын дараа бид С.Ганбаатар гишүүний санал болгосон УИХ-ын гишүүнийг дөрвөн жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байна. Үүнийг хэн зохион байгуулав.
С.Ганбаатар гишүүн та дандаа хүний өмнүүр гарч ирдгээ боливол яасан юм. Д.Амарбаясгалан “Админерал”-тай холбоотой гэж итгэл төгс хэлсэн хүн та. Одоо ямар учраас УИХ-ын гишүүнийг шалгаж болохгүй гэдэг асуудал барьж орж ирэв. Юунаас айгаад, хэний захиалгаар яваад байна. УИХ хулгайч нарын орогнодог газар биш. Ялангуяа нүүрсний хулгайтай холбоотой асуудал хуулийн байгууллагаар үнэн мөн нь тогтоогдож, бүрэн эрхийн асуудал хөндөгдөхийн өмнө амжих гэсэн юм шиг захиалгын арга хэмжээгээ таслан зогсоохыг шаардаж байна. Энэ асуудлыг хэлэлцэхэд дэмжихгүй байхыг нам үл харгалзан УИХ-ын гишүүдэд уриалж байна" гэсэн юм. АН-ын бүлгийн завсарлага ирэх пүрэв гарагт дууссаны дараа уг саналыг УИХ-аар дахин хэлэлцэх нь. Олон нийт ч уг саналыг анхааралтай ажиглаж байна.