Хоёр даргатай байх үеийн Ардчилсан намын зовлон МАН-д ирж, бүлгийн хоёр даргынхаа учрыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор олуулахаар уулзалт хийж эхэлжээ.
-О.ЦОГТГЭРЭЛ, Д.ГАНБАТ ГЭХ ХОЁР ДАРГАТАЙ БАЙСАН АН-ЫН БҮЛГИЙН МАРГААНЫГ Г.ЗАНДАНШАТАР ТӨГСГӨЖ БАЙВ-
Тодруулбал, 2022 онд АН-ын бүлэг 11 гишүүнтэй байхдаа О.Цогтгэрэл, Д.Ганбат гэх хоёр даргатай болж, хэсэг маргалдсан. Эцэст нь тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар УИХ-ын чуулганы индрээс АН-ын бүлгийн албан ёсны даргаар О.Цогтгэрэлийг гэж дуудсанаар энэ хэрүүл эцэслэгдсэн юм.
Тэгвэл энэ өдрүүдэд өөрсдийгөө МАН-ын бүлгийн дарга гэж яваа Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргалын хэнийх нь нэрийг УИХ-ын чуулганы индрээс дуудахыг АН-ын бүлэг тэр дундаа Б.Пүрэвдорж мэдэх нь нэгэнт тодорхой болжээ.
Улс төрийн нөхцөл байдал хүндэрч, эрх баригч намын гишүүд УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнээ даган хоёр хуваагдах мөчид МАН-ын бүлгийн 68 гишүүний 37 нь хуралдаж бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж түүний оронд Ж.Батжаргалыг сонгосон. Тэд үүнийгээ олонхийн шийдвэр хэмээн тайлбарлаж буй ч 31 нь хүлээн зөвшөөрөхгүй байсаар байна. Бүр тус, тусдаа хуралдаж нэгнийхээ зохион байгуулсан хуралд ч оролцохоо больсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Бат-Эрдэнэ нь бүлгийн даргын тамга, өрөөгөө хүлээлгэж өгөхгүй байгаа гэдэг. Энэ тохиолдолд МАН-ын хоёр хуваагдсан бүлгийн алиных нь ч шийдвэрийг хүчин төгөлдөр гэхэд хэцүү бөгөөд үндсэндээ МАН-ын УИХ дахь ажил нь гацаанд ороод байгаа юм.
-МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХГҮЙГЭЭР УИХ-ЫН ДАРГЫГ СОНГОХОД ХЭЦҮҮ-
МАН-ын өүлгийн даргыг албажуулахгүйгээр УИХ-ын даргыг тодруулах ажил эрх баригч нам дотор явахгүй. Учир нь УИХ-ын даргыг бүлгээс сонгодог билээ. Тэгэхээр УИХ-ын даргаа сонгохын тулд энэ үйлдлийг хийхээр өөр аргагүй байгаа юм. Одоо дээрх хоёр хүний аль нэгийг албажуулж, хүлээн зөвшөөрүүлэх зайлшгүй шаардлага бий.
Тэгвэл энэ гацаанаас гарах арга замыг бүлгийн гишүүдийн олонхоос сонгогдсон даргын нэрийг чуулганы индрээс унших нь. Тэгвэл тэр нэрийг дуудах Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлсөн мөн дэд даргаар ажиллаж байсан Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэцээс тогтоож, чуулганы хуралдааныг удирдах нь бүү хэл эргүүлэн татах асуудал нь хөндөгдөөд буй билээ. Тэгэхээр одоо Х.Булгантуяад УИХ-ын чуулганы хуралдааныг удирдах ёс зүй болоод хууль эрх зүйн чадамж алга. Харин одоо АН-ыг төлөөлөн УИХ-ын дэд даргаар ажиллаж буй Б.Пүрэвдорж УИХ-ын даргыг томилогдох хүртэл чуулганы хуралдааныг удирдах бөгөөд энэ хугацаанд МАН-ын бүлгийн даргын маргааныг шийдэж, жинхэнэ даргынх нь нэрийг уншиж танилцуулахаар улс төрийн хүрээний уулзалтыг хийж эхэлжээ.